Та тамхинаас гарахаар шийдсэн үү...
Тамхи таван нас хорооно гэж ард түмний дунд тархсан яриа байдаг. Тамхи татах нь өвчин юм. Никотин хүний төв мэдрэлийн системд хүчтэй үйлчилдэг. Тамхи эхэндээ сэтгэл зүйн хэрэгцээг үүсгэдэг бол цаашдаа даамжран бие махбодийн хэрэгцээ болон хувирдаг юм.
ТАМХИНД ЮУ АГУУЛАГДДАГ ВЭ
Тамхины найрлаганд 4000 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт бодис, 50 нь хорт хавдар үүсгэнэ. Хамаг учир никотинд бий. Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйд нөлөөлдөг байна.
Тиймээс ч эмч нар тамхинаас хараат хүмүүсийг дөрвөн хэсэгт ангилдаг.
1. Тамхийг зугаа болгон татдаг хүмүүс. Тэд хэрэв хүсвэл тамхинаас хөнгөхөн гарч чадна.
2. Тамхины тусламжтайгаар таагүй мэдрэмжээсээ салдаг. Тэдний хувьд тамхины хэрэглээ нь бие махбодийн хэрэгцээ болчихсон тул тамхинаас гарах нь тийм ч амар биш.
3. 5-10 жил тамхи татсан хүмүүс. Эдгээр хүний бие организм тамхинаас хүчтэй хамааралтай байдаг. Тиймээс огт таталгүй 40-50 минут болоход л сэтгэл санаа хямарч, дотор эрхтний үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж эхэлдэг.
4. 20 түүнээс дээш жил тамхи татсан хүмүүс. Тасралтгүй 20-30 жил тамхи татсны дараагаас тамхинаас таашаал авах нь багасч, зарим үед бүр дотор муухайрдаг болдог. Гэсэн ч тамхиа хаяхад биеийн зовиур шаналгаа ихэсч, сэтгэл санааны хямралд оруулдаг.
ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ
1. Тамхиа хаяхад бэлтгэх
• Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
• Тамхитай холбоотой бүх зүйл хая
• Үг хэллэг үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
• Тамхиа хаяж чадна гэж өөртөөгөө ярьж өөрийгөө зоригжуул
• Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд
2. Тамхиа хаях
• Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай
• Оюун санааны хүчээ бүрэн ашигла
• Тамхи татах хүслээ нэг хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул
• Тамхи татах хүсэл 3-5 минут хиртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий
• Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга ус шимж уу
• Тамхи татах зав бүү гарга
3. Тамхинаас ангижрах
• Үгүй татахгүй гэж хэлж сур
• Тамхи асаах шалтаг бүү гарга
• Тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа хоол хүнсийг бүү хэрэглэ. Кофе какао, коко кола гэх мэт.
• Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ. (Хатуу чихэр хүлхэх, спортоор ичээллэх)
• Бусдаас тусалцаа ав
4. Тамхи татахгүй чигээрээ үлдэх
• Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
• Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
• Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
• Тамхи татахгүй болсноо бусдад харуул
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.