Борис Жонсон вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэжээ.
Ерөнхий сайд эхний тунгаа Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хийлгэсэн бол хоёр дахийг нь Лондонгийн Кингс-Кросс төмөр замын вокзалаас холгүй байрладаг Фрэнсис Крикийн нэрэмжит хүрээлэнд хийлгэсэн байна. Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт Б.Жонсон өнгөрсөн оны 4 дүгээр сард коронавирусний халдвар авсны улмаас долоо хоног хэвтэн эмчлүүлж байсан юм.
Их Британид вакцинжуулалтын кампанит ажил 12 дугаар сарын 8-нд эхэлжээ. Одоогоор тус улсад насанд хүрсэн хүн амынх нь 75 хувь буюу 39.5 сая нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 50 хувь нь буюу 26 сая нь хоёр дахь тунгаа хийлгэжээ.
Богино хугацаанд аль болох олон хүнийг вакцинд хамруулахын тулд тун хоорондын хугацааг 3 долоо хоногоос 3 сар болгож нэмэгдүүлэх шийдвэрийг эрх баригчид өмнө нь гаргасан байна. Гэсэн ч Энэтхэгийн хувилбар тархсанаас хойш 50-аас дээш насныхны тун хоорондын хугацааг 8 долоо хоног болгож бууруулсан юм.
Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсны дараах 28 хоногийн хугацаанд Их Британид 127.7 мянган хүн нас баржээ. Халдвар илэрсэн тохиолдлын тоо 4.49 сая давсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.