Oзэки Асаноямад өнөөдөр Сүмо бөхийн холбооноос шийтгэл онооно
Цар тахлын үеийн хөл хорионы дэглэм зөрчиж, шөнийн цэнгээний газраар зугаалсан озэки Асаноямад өнөөдөр Сүмо бөхийн холбооноос шийтгэл онооно.
Холбооны Ёс зүйн хорооноос ямар шийтгэл өгөхөө шийдсэн байгаа бөгөөд өнөөдөр холбооны тэргүүн Хаккакү оякатад гардуулах юм.
Спортс Хочи сонинд бичсэнээр озэки Асанояма холбоонд зодог тайлах өргөдлөө өгсөн байгаа гэнэ. Энэ мэдээг тус сонины сурвалжлагч Такасаго дэвжээнд ойр эх сурвалжаас авчээ.
Гэхдээ холбооноос сүмо бөхийн ирээдүй болсон сайн бөхөө ингээд зодог тайлуулаад явуулчихгүй байх. Өнгөрсөн жил мөн хөл хорионы дэглэм зөрчсөн дээд зиндааны бөх Аби мөн зодог тайлах өргөдлөө өгч байсан. Харин холбоо хүлээн авалгүй 3 башё барилдах эрхийг нь хасч байсан юм.
Асанояма Абигаас цол дээгүүр тул үүрэг хариуцлага илүү өндөр байх ёстой. Тиймээс шинжээчид Асаноямад 4-5 башё барилдах эрхийг хасаж, хагас жилийн цалингийн 50 хувиар торгох байх гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.