Сөүлээс ирсэн 244 иргэний шинжилгээний хариу бүрэн гарч дуусав

Сөүлээс ирсэн 244 иргэний шинжилгээний хариу бүрэн гарч дуусав

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 244 иргэний шинжилгээ бүрэн дууссан байна. Сүүлийн 153 шинжилгээнээс "COVID-19" илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. 


Тэрбээр, "Тус онгоцоор ирсэн хоёр иргэнээс "COVID-19" илэрсэн. Ойрын хавьтлын 89 хүний шинжилгээ сөрөг гарсныг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл бусад 153 хүний шинжилгээ сөрөг буюу мөн халдваргүй гарсан. Харин 21 аймгийн тусгаарлах төвүүдэд ажиглалтад орсон 90 хүн байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан" хэмээв. Мөн тэрбээр, Монгол Улсад "СOVID-19" -өөр өвчилсөн 10 хүний биеийн байдал сайжирч байгаа нь эмчилгээний арга барил зөв байгааг илтгэж байна хэмээгээд сайн мэдээ дуулгаж байгаадаа сэтгэл тэнүүн, өөдрөг буйгаа илэрхийлэв. 


ХӨСҮТ-өөс халдварт өвчин хүн амын дунд байгаа эсэхийг тандан судлах зорилгоор уушгины хатгалгаа оноштой иргэдийг түүврийн аргаар сонгон "COVID-19" халдварын шинжилгээ авчээ. Уушгины хатгалгаагаар өвдсөн иргэдээс "COVID-19" илрээгүй байна.


ЭМЯ-наас "COVID-19" -ийн талаарх мэдээлэл өгөх зорилгоор 24 цагаар Чатбот ажиллуулж эхэлсэн бөгөөд 119 дугаарын утсаар чөлөөтэй холбогдож болох аж. 


Өнөөдрийн 11 цагийн байдлаар, "COVID-19" дэлхийн 188 оронд бүртгэгдэж 308 215 хүн өвчилсөн байна. Үүнээс нас барсан тохиолдол 13 062, эдгэрсэн 95 824 тохиолдол байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Африк, арлын орнуудад халдварын голомт нүүж байгааг ДЭМБ-ын мэдээнд дурдагдав. Нийт халдварын 48 хувь нь Европ тивд бүртгэгдсэн бол Европын нийт халдварын 77 хувийг Итали, Испани, Герман зэрэг улс эзэлж байна. 


Ташрамд дурдахад, Монгол Улсад ирсэн Франц иргэнээс энэ сарын 10-нд "COVID-19"-ийн анхны халдвар илэрсэн. Дараа нь халдварын голомттой улс орноос хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ манай улс тусгай нислэгээр энэ сарын 15-18-нд татан авсан бөгөөд тэдгээр иргэдээс "COVID-19"- өөр өвчилсөн 9 тохиолдол илрээд байна. Хүн амын дунд халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж тухайн иргэдийг нисэх буудлаас шууд тусгаарласан бөгөөд Зоонозын төвөөс иргэдийн эдлэл хэрэглэл, онгоц зэргийг бүрэн халдваргүйжүүлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.