Хакүхо Эзэн хааны цомыг 44 дэх удаагаа гардлаа

Хакүхо Эзэн хааны цомыг 44 дэх удаагаа гардлаа

Шинэ төрлийн коронавирусний нөлөөгөөр түүхэнд анх удаа үзэгчгүй явагдсан мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн их аварга Хакүхогийн ялалтаар өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр Хакүхо, Какүрюү гэсэн монгол хоёр аварга ижилхэн 12 даваатай зэрэгцэж, хэн давсан нь түрүүлэх болоод байв. Их аварга 44, Какүрюү 7 дахь удаагаа түрүүлэхийн төлөө өрсөлдөж, Хакүхо ёрикири мэхээр давж, түрүү бөхийн рекорд амжилтаа 44-т хүргэлээ.  

35 настайдаа башёд түрүүлсэн нь жилд зургаан тэмцээн явагддаг болсон 1958 оноос хойш 2012 оны зуны тэмцээнд түрүүлсэн Кёкүтэнхо (37 нас, 8 сар), 1990 оны Кюүшюүд түрүүлсэн Чиёонофүжигийн (35 нас, 5 сар) дараа орох “Тэмцээнд түрүүлсэн ахмад бөх”-ийн жагсаалтын 3-т бичигдэх үзүүлэлт байлаа.

Тэмцээний сүүлийн өдөр хоёр аварга ижил даваатай Эзэн хааны цомын төлөө барилдсан нь 2013 оны 11 дүгээр сарын тэмцээний Харүмафүжи, Хакүхо нарын барилдаанаас хойш 38 тэмцээний дараа тохиолдож байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.