Илон Маскын хэлсэн үг биткоины үнэ ханшийг өсгөв.

Илон Маскын хэлсэн үг биткоины үнэ ханшийг өсгөв.

Сүүлийн өдрүүдэд оргил үеэсээ 50 орчим хувиар унаад байсан биткоины ханш өчигдөр дахин сэргэж, $40,000 давсан байна. Үүнд Америкийн тэрбумтан Илон Маскын хэлсэн үг гол нөлөө үзүүлжээ. “Олборлогчдын эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувь цэвэр эх үүсвэрт шилжсэн тохиолдолд Тесла компани биткоиноор хийсэн төлбөрийг хүлээж авдаг болно” гэж тэр твиттер хуудсандаа мэдэгдсэн юм.

Үүний үр дүнд дэлхийн хамгийн том криптовалютын үнэ ханш 12 орчим хувиар өссөн байна. Маск бас биткоиныг зах зээлд огцом хөдөлгөөн үүсгэлгүйгээр бэлэн мөнгөнд хөрвүүлэх боломжийг шалгахын тулд Тесла компанийн дансанд байгаа нөөцөөс 10 хувийг нь зарсан тухай энэ үеэр мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард тэр биткоин олборлогчдын эрчим хүчний хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэсэн шалтгаанаар Тесла автомашины төлбөрийг биткоиноор авахгүй болсныг зарлаж байв.

Түүний энэ мэдэгдлийн дараа биткоины ханш 10 гаруй хувиар унасан юм. Жилийн өмнө ширхэг нь $9,500 орчим байсан биткоины ханш энэ оны дөрөвдүгээр сард $63,000 хүрч өсч байв. Гэвч Илон Маскын мэдэгдэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр $32,000 орчимд хүрч унасан юм. Энэ сарын эхээр Латин Америкийн Эль Сальвадор улс дэлхийд анх удаа биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох төлөвлөгөөгөө зарласан нь криптовалютын зах зээлд эерэгээр нөлөөлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.