Их Британид хөл хориог сулруулах хугацааг хойшлуулжээ.
Их Британид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог сулруулах сүүлийн үе шатыг хэрэгжүүлэх хугацааг ирэх долоодугаар сарын 19 хүртэл хойшлуулжээ.
Ингэснээр нийгмийн харилцаанд тогтоосон хязгаарлалтуудын дийлэнхийг нь үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай болж байна. Эдгээрийг өмнө нь зургаадугаар сарын 21-нээс цуцлахаар төлөвлөж байсан юм.
Харин хуримын зочдын тоонд тавьсан хязгаарыг цуцлах хэдий ч ийм үйл ажиллагааг зохион байгуулах газрууд халдварын хамгааллын дүрэм журмуудаа үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байна.
Ерөнхий сайд Борис Жонсон, хязгаарлалттай холбоотой үнэлгээг хоёр долоо хоногийн дараа хийнэ гэдгийг мэдэгдээд, долоодугаар сарын 19-нөөс цааш сунгахгүй гэдэгт “итгэлтэй” байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч Даунинг-Стритэд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цааш сунгах боломжийг үгүйсгээгүй байна.
Их Британид хөл хориог сулруулах дөрөвдүгээр үе шатыг зургаадугаар сарын 21-нээс хэрэгжүүлбэл халдварын үзүүлэлтүүд дахин олноор нэмэгдэж болзошгүй гэдгийг судлаачид Засгийн газарт зөвлөжээ.
Сүүлийн үед тус улсад Энэтхэгт анх илэрсэн, илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болоод байгаа юм.
Ийнхүү хөл хориог сулруулах хугацааг сунгаснаар 30 хүртэлх хүн гадаа уулзах, битүү орчинд хоёр өрхийн зургаа хүртэлх хүн уулзах зэрэг хязгаарлалтыг үргэжлүүлэн мөрдөх шаардлагатай болж байна.
Харин “Евро-2020” тэмцээний тоглолтууд, Уимблдон тэмцээн, урлагийн болон хөгжмийн тоглолтуудыг төлөвлөсний дагуу явуулах бөгөөд тэдгээрт оролцогч, үзэгчдээс вакцин хийлгэсэн баталгаа юм уу шинжилгээний сөрөг хариу шаардах ажээ.
Их Британид долоодугаар сарын 19 гэхэд насанд хүрсэн хүн амын гуравны хоёрт нь вакцин хийлгэхийг санал болгохоор төлөвлөж байна. Мөн 40-өөс дээш насныхны вакцины хоёр тунгаа хийлгэх хугацааг 12-оос найман долоо хоног болгон бууруулах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.