"COVID-19"-ийн талаар худал мэдээлэл түгээсэн 12 иргэнд хариуцлага тооцно

"COVID-19"-ийн талаар худал мэдээлэл түгээсэн 12 иргэнд хариуцлага тооцно

Цагдаагийн байгууллагаас гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаар худал мэдээлэл тараасан найман иргэнд Зөрчлийн хуулиар, бусдын нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл түгээсэн дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор ажиллаж байна.


Энэ талаар ЦЕГ-аас гаргасан мэдэгдэлд, "Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагууд "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч байгаа талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм. Энэ сарын 22-ны байдлаар найман иргэнд Зөрчлийн тухай хуулиар, дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор шалгаж байна.


Дээрх иргэд цахим орчинд “11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутанд”, “Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу... KFC ажилтан өндөр халуурч эхэлжээ”, “Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлэгийнхэн авч явж байна”, “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа” зэрэг худал, ташаа мэдээлэл түгээсэн юм. Иймд иргэд та бүхэн цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусны нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор анхааруулж байна.


Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл:Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих


Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл:Худал мэдээлэл тараах


Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.