Хөвсгөл нуурт үлдсэн хос хунг ижил сүрэгт нь тавилаа
Хөвсгөл нуурт өнгөрсөн намар хос хун дулаан орныг зорилгүй үлдсэн бөгөөд тэднийг дулаан байранд тэжээж байгаад хунгийн сүрэгт нь тавилаа. Хунгууд Жанхай орчмын нуурын эргээр намаржсан бөгөөд Хөвсгөл нуур бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтсоны улмаас байрлах газаргүй болжээ. Нуурын мөсний хажууд идэш тэжээлгүй байсан хунгуудыг нутгийн иргэн гэртээ аваачин тэжээж байгаад Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шувуудыг дулаан байранд байлгахыг уламжилжээ. Иргэний хүсэлтийн дагуу Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан 2 хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж тэжээж өвөлжүүлсэн байна. Урин дулаан цаг ирж Хөвсгөл нуурт усны шувууд болон хунгийн сүрэг ирсэн тул хос хунг нуурт тавьсан байна. Шувууд нухаж зөөллөсөн талхаар өдөрт 3 удаа буюу нэг өдөрт 2 талхаар хооллодог байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.