Зэсийн ханш дэлхийд уруудаж, манай экспорт 90 сая ам.доллароор БУУРЛАА
Зэсийн ханш өмнөх өдрөөс 4.89 хувиар унаж 4617.50 ам.доллар болоод буйг Markets Insider мэдээллээ. Ер нь бол коронавирусний тархалттай холбоотойгоор зэсийн ханш огцом унаж байгаа. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар зэсийн үнэ тонн тутамд 5305 ам.доллароор хэмжигдэж байсан бол 20-ны өдөрт 4855 ам.долларт хүрч оны эхнээс 21 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед зэсийн үнэ 6500 орчим ам.доллароор хэмжигдэж байв.
Зэс манай экспортын цөөн нэр төрлийн түүхий эдийн нэг учраас дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөн чухал байдаг. Зургаан мянган ам.доллар давж өсөөд байсан зэсийн ханш коронавируснээс шалтгаалсан үйлдвэрлэл, хэрэглээний сааралттай холбоотойгоор ханш нь уруудсаар байна.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улсын экспортыг нүүрс биш зэс хойш нь чангааж байсныг сануулъя.
Нэгдүгээр сард БНХАУ руу гаргасан бараа бүтээгдэхүүний:
• 44.2 хувийг чулуун нүүрс
• 26.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байсан.
Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 192.2 мянган тонн зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 37.1 мянган тонноор бага байна.
2019 оны мөн үед зэсийн баяжмалын экспортын үнийн дүн 309 сая ам.доллар байсан бол 2020 оны хоёрдугаар сард экспортын нийт үнийн дүн 219.1 сая ам.доллар болж буурчээ. Тэгэхээр зэсийн экспортоос орж ирсэн орлого өмнөх оны мөн үеэс 90 сая ам.доллароор буурсан байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний хоёр сарын байдлаар БНХАУ-д хийсэн экспорт манай улсын нийт экспортын дүнгийн 84.7 хувийг бүрдүүлж байгаа. Тэгвэл БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.
Энэ онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй. Тонн зэсийн зах зээлийн ханшийг энэ онд 5991 ам.доллар байна гэж тооцоод буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай тооцооллоос 1300 гаруй ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр төсвийн орлого тасалдаж байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.