коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа

коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусний цар тахлын 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, уг халдвар улам хурдацтай тархаж буйг анхаарууллаа.


COVID-19” халдвар анх дэгдэж эхэлснээс 67 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авсан бол үүнээс 11 хоногийн дараа уг тоон үзүүлэлт 200 мянга болсон байна. Харин сүүлд халдвар авсан хүний тоо дөрөвхөн хоногийн дотор 300 мянгад хүрчээ.


Гэсэн хэдий ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “траекторыг өөрчлөх” боломжтой хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр шинжилгээг авч, хавьтлыг тогтоох стратегийг сайтар баримтлахыг улс орнуудад уриалсан байна.


“Цаашид юу болох нь бидний юу хийж байгаагаас хамгийн их хамаарна. Чи хөл бөмбөгийн тэмцээнд ялахын тулд зөвхөн хамгаалаад зогсохгүй довтлох хэрэгтэй” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино мэдэгджээ.


Т.Гебрейесус гэртээ байж, зайнаас харилцах арга хэмжээг дагаж мөрдөхийг хүмүүсээс хүсээд, эдгээрийг хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг сааруулахад ихээхэн ач холбогдолтой гэж хэлжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр, эдгээр нь зөвхөн хамгаалах арга хэмжээ тул биднийг ялалтад хүргэхгүй гэжээ.


“Ялахын тулд бид вирус рүү эрчимтэй, оновчтой тактикаар довтлох хэрэгтэй. Үүнд сэжигтэй тохиолдол бүрийг шинжлэх, халдвар авсан хүн бүрийг асрах, тэдгээртэй ойр хавьтсан бүх хүнийг тусгаарлах багтана” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн


Халдвар авсан, эдгэрсэн, нас барсан хүмүүсийн тоон үзүүлэлт 

Дэлхий даяар даваа гаргийн оройны байдлаар 367 мянган хүн халдвар авснаас 101 мянган хүн эдгэрч, 16100 хүн нас баржээ.


Т.Гебрейесусийн мэдээлснээр, дэлхийн улс орнуудын тайлан мэдээнээс үзэхэд халдвар авсан хүмүүсийн дунд эмнэлгийн олон ажилтан байжээ. Тэрбээр үүнийг хувийн хамгаалалтын хэрэгслийн хомсдолтой холбоотой хэмээн үзэж байгаа ажээ. 


"Эмнэлгийн ажилтнууд аюулгүй нөхцөлд л үүрэгт ажлаас сайн гүйцэтгэж чадна. Хэдийгээр бид бүх зүйлийг зөв хийсэн ч эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихгүй бол улам олон хүний амь нас эрсдэлд орох болно" гэдгийг ДЭМБ-ын тэргүүн анхааруулсан байна.


ДЭМБ хамгаалалтын хувцас, хэрэгслийн хэрэглээг оновчтой болгож, нэн чухалчлахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдолыг зохицуулахыг эрмэлзэж байна гэж Т.Гебрейесус хэлжээ. Түүнчлэн тэрбээр вирусний тархалтыг сааруулахын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн улмаас хамгаалалтын хувцас хийхэд шаардлагатай материалын хомсдол үүсэж болзошгүй байгааг онцолжээ.


Мөн ДЭМБ-ын тэргүүн халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд дэлхий нийтээрээ хамтран ажиллахыг уриалаад, хамгаалалтын хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын хоригоос зайлсхийх, шаардлагатай хэмжээгээр нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахыг энэ долоо хоногт “Их-20”-ийн удирдагчдаас хүснэ гэж хэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.