Аудитаар 112 байгууллагаас 106 байгууллага зөрчилгүй гарчээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, "Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 188 тайлан нэгтгэгдсэнээс 112 байгууллагад дүгнэлт гаргаж, 71 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, таван байгууллагад итгэл үзүүлсэн. Дүгнэлт гаргасан 112 байгууллагаас 106 байгууллагад “Зөрчилгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн" гэлээ.
Мөн Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 479.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 317.5 тэрбум төгрөгийн 188 алдааг аудитын явцад залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 158.1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 92 албан шаардлага хүргүүлж, 3.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 162 зөвлөмж өгсөн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ- Ц.Сандаг-Очир, төсөвт байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд улсын төсвөөс гадуур гүйлгээ, зарцуулалт хийсэн эсэхийг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, санхүү бүртгэлийн ажилтнуудыг чадавхжуулах, хариуцлагыг сайжруулах боломжийн талаар тодруулав.
2020 онд нийтдээ 6890 байгууллагад аудит хийсэн. Төсвөөс гадуурх бүртгэл тооцоотой данс, харьяалалгүй гүйлгээ гарсан зүйл байхгүй ч "КОВИД-19" цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг санхүүжүүлэх зорилгоор төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс нэлээдгүй хөрөнгийг зарцуулах шийдвэр гарсан гэдгийг Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат хариултдаа онцлов. Мөн энэхүү шийдвэрүүд нь Төсвийн тухай хуулийн 7.6.3-т нийцээгүйн зэрэгцээ УИХ-д бүрэн танилцуулаагүй тул анхааралдаа авах талаар аудитын нэгдсэн дүгнэлтэд дурдаж, зөвлөмжид тусгасан гэж байлаа.
Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоол болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.