Үзэгчгүй гэх боловч 4000 шахам хүн цуглах наадам
Өндөр дээдсүүд маань нэгэнт гаргасан тушаал, шийдвэртээ үнэнч зогсож байгаа учраас баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх нь гарцаагүй боллоо. Тэгэхээр юуны өмнө асар өндөр эрсдэл дунд зохион байгуулах гэж байгаа үндэсний их баяр наадамд өндөр амжилт хүсэх л үлдэж байна. Энэ цаг дор дэлхий нийтийг түгшээсэн цар тахал манай улсад идэвхтэй тархсан учир төр засгаас “бүл”-ээрээ цуглаж болохгүй гэсэн зарлиг үйлдэж, орон нутагт зорчих хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Энэ жил тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гэх мэт олон тэгш ой тохиож байгаагаараа туйлын онцлог. Ийнхүү төрөөс олон зүйлд хориг тавьж, ард иргэдийнхээ хөлийг “тушиж” байгаа ч үндэсний их баяр наадмаа цар тахал, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчгүй, цахим орчинд зохион байгуулахаар болоод буй.
Гэвч үзэгчгүй зохион байгуулах тэгш ойн баярт 1024 бөх зодоглож, бөхчүүдийг 100 орчим засуул засна гэх мэдээллийг өгч байна. Үүнээс гадна баяр наадмын хурдан морины уралдаан бий. Тэгвэл үүнд уяачид, унаач хүүхдүүд, туслах, бусад гээд 1000 орчим хүн оролцохыг ч хэллээ. Хурдан морь сойно гэдэг ганц хоёр хүний хийх ажил биш учраас яах ч аргагүй бодитоор хэлж байна лээ. Энэ бол захын нэгэн сумын хүн амын тооноос давсан зүйл болно. "Эрийн гурван наадам" хэмээн нэрийдэж ирсэн наадам зөвхөн морь бөхөөр хязгаарлагдахгүй учраас сурын талбайд гэхэд 200 гаруй харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлжээ. Үүнийг дагалдаж хүний тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Мөнхүү сүүлийн 10 гаруй жил үндэсний баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор орсон шагайн харваачид өнөөдрийн байдлаар 300 орчим бүртгүүлээд байгаа Шагайн харвааны холбооноос хэллээ.
Цахим наадмыг “дэглэх” “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатарын мэдэгдсэнээр бол баяр наадмын нээлт хаалтын шоу, концертод 400 гаруй уран бүтээлч оролцох юм билээ. Баяр наадам тойрсон зохион байгуулагч, үйлчлэгч гэхэд 200 гаруй хүний тоо гаргажээ. Эдгээр тоо нь шагайн, сурын, бөхийн гэх мэт мэргэжлийн холбоодоос урьдчилсан байдлаар авахад гарч байгаа хэрэг. Мэдээжийн хэрэг эмч, цагдаа, онцгой байдал, сэтгүүл зүйн салбарын гэх мэт алба хаагчид зүй ёсоор ажил үүргээ гүйцэтгэнэ. Өөр ч аргагүй. Эрхэм төрийн өндөрлөгүүд, түшээд маань баяр наадамд очиж хэвлэл мэдээллээр ч болтугай харагдахыг хүснэ гэхээр түм түжигнэсэн наадам болно. Цар тахал эд дэгдэж эхэлж байхад Үндэсний баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвт суулгаж байгаагаа хөөртэйхөн мэдэгдэж байсан бол үзэгчгүй цахим орчинд гурван тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болсон.
Нөгөө талаас Өвөрхангай, Дархан-Уул гэх мэт аймгууд баяр наадмаа зохион байгуулахгүй, түүнд зориулж төсөвлөсөн хөрөнгийг цар тахалтай тэмцэхэд зориулна гэдгээ шил даран мэдэгдэв. Гэтэл өндөр дээд төр маань баяр наадмаа зохион байгуулаад зогсохгүй олон мянгаар нь хүмүүс цуглуулах гэж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Өчигдөр гэхэд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цахим наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг болиулж, цар тахалтай тэмцэхэд зарцуулна гэх шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэж байна.
Дээр дурдсанчлан мэргэжлийн байгууллага, зохион байгуулагчдын зүгээс өгч байгаа урьдчилсан тоо гэхэд баяр наадамд оролцох хүний тоо 4000 болж таарах нь. Хэдийгээр бөхийн барилдаан нь төв цэнгэлдэхэд, морины уралдаан нь Хүй долоо худагт зохион байгуулагдаж, сур, шагай гээд тус тусдаа талбайд өрсөлдөх ч яах аргагүй хэт их төвлөрөл, бөөгнөрөл үүсгэж таарна. Зөвхөн Улаанбаатар, Төрийн ордон тойрсон хэдэн хүн, байгууллагад тэгш ой тохиож байгаа хэрэг биш шүү дээ. Энэ жил аймаг, орон нутгийн хэмжээнд олон газар нутаг тэгш ойн баяраа тэмдэглэх ёстой. Гэвч тэд баяр наадмаас татгалзаж чадаж байна. Тодотговол, Дорноговь тэргүүтэй 10 гаруй аймаг, 70 гаруй сум, 30 гаруй салбарын тэгш ой тохиож байгааг бас дуулгах учиртай. Зарим зүйлийг дурдвал энэ жил Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, Монголын цагдаагийн байгууллагын 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тус тус тохионо. Энэ бүх байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажил үйлсээ сурталчлах хэмжээнд маш даруухан тодорхой төсөв мөнгөгүй тэмдэглэн өнгөрүүлж байгаагаас гадна огт тэмдэглээгүй байгууллагууд олон бий. Харин эрх барьж байгаа намын хувьд бол цар тахал, хөл хорионы дундуур намынхаа 100 жилийнхээ ойн баярыг бүтэн жилийн турш тэмдэглэчихлээ. Аргагүй л эрх барьж байгаа мэт загнасан.
Анх 10 тэрбум төгрөг төсөвлөж, эцэст нь цахим баярыг гурван тэрбум төгрөгт багтаан зохион байгуулна гэж байгаа ч энэхүү төсөв нэгэнт зарцуулагдах ёстой зүйлдээ зарцуулагдаад явж байгааг дуулгасан. Өөрөөр хэлбэл төсвөөс эрт гарчихсан гэсэн үг. Тухайлбал, Соёлын сайд Ч.Номингийн баталсан тушаалд тусгасан томоохон мөнгөн дүнтэй соёл урлагийн арга хэмжээ нэгэнт гараанаас гарсан байна. Соёлын сайдын тушаал өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан учраас тэвчиж болох бүх зүйлд энэ мөнгөний чамгүй хэсэг нь нэгэнт гарчихсан байх жишээтэй. Цагийн байдлаа үнэлж дүгнээгүй гаргасан мөнгө ч өнгөрсөн хэрэг.
Тодотговол, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээхэд зарцуулсан 100 сая төгрөгийг тэвчиж болох байв. Тэртээ тэргүй ардын хувьсгалын түүхэн гавьяа бусад ололт амжилтыг их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлээд энэ цагийн бүх уран бүтээлч хүртэл авьяас билгээ зориулсан. Тэгэхээр заавал хувьсгалын дуу хийх гэж хөл болох хэрэггүй юм. Мөн “Ардын хувьсгал 100 жил” телевизийн контентын уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулахад 300 сая төгрөг гаргасан. Манай улсад ардын хувьсгалаа магтан дуулсан “Улаан дарцаг” киноноос эхлээд телевизийн салбар үүсэж хөгжсөн цагаас хойш хангалттай контент бүтээсэн. Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө, дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг зарцуулах ч хэрэггүй байв. Энэ мэт тэвчиж болох зардал нэгэнт улсын төсвөөс гараад явчихсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа төдийгүй уран бүтээл нэртэй мөнгө угаасан зүйлс ч эхнээсээ гараас гарч байгаа юм байх. Энэ нь бага мөнгө хэдий сонсогдож байгаа ч хүнд хэцүү цагт ихээхэн дэм болох зүйл.
Үүнээс гадна Улсын драмын эрдмийн театрт “Хаадын хаан" жүжиг найруулан тавихад 200 сая төгрөг, Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагад элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд 100 сая төгрөг гэх мэт төсөвлөж зурж байсан мөнгөнүүд нэгэнт эзэддээ очсон бололтой. Харин бүх ард түмний урлагийн их наадамд 500 сая, Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 400 сая гэх мэт мөнгөн дүнг багасгасныг хэлж байна. Одоо нэгэнт ихэс дээдэс маань гаргасан тушаал шийдвэртээ үнэнч зогсож, үндэсний баяр наадам эхлэхэд аравхан хоног үлджээ. Сурын харваа гээд бусад үйл ажиллагаанаас тооцож эхэлбэл долоохон хоногийн дараа наадам эхлэх учраас халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, өвчин зовлон нэмэхгүй наадахыг л хүсэх байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.