“COVID-19” УБТЗ -ын зорчигч тээврийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна
УБТЗ он гарсаар зорчигч тээврээс 1,7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Угаас жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг тус салбарын эдийн засгийн дарамтыг “COVID-19” улам нэмэгдүүлжээ. Халдварт өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор төмөр замын зорчигч тээврийг 16 хоног зогсооход төлөвлөгөө нь 25 хувиар хоцорсон байна.
Энгийн үед хоногт 8-9 мянган хүн, ачаалалтай үед 12-13 мянган хүн төмөр замаар зорчдог ч өнөөдөр энэ тоо 3 мянга болж буурчээ.
“Оны эхнээс өнөөдрийг хүртэл 574 мянган зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч 432 мянган зорчигч тээвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн зорчигч тээвэр хэвийн, харин олон улсын зорчигч тээвэр дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогссон. УБТЗ зорчигч тээврээс жилдээ 25-30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг ч улсаас ямар нэгэн татаас авахгүйгээр транзит тээврээс олж буй орлогоороо алдагдлаа нөхдөг. Ашигтай биш юм аа гэхэд алдагдалгүй ажиллахын тулд тарифын асуудлыг хөндөх шаардлагатай болно. Тарифыг өөрчлөх асуудлыг Засгийн газар, ШӨХТГ зэрэг олон субьектийн оролцоотой шийдвэрлэдэг” хэмээн УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэмдэглэв.
УБТЗ орон нутагт нэг зорчигчийг км тутамд дунджаар 30 төгрөгөөр тээвэрлэдэг боловч тээврийн бодит өртөг 52 төгрөг байдаг аж. Өөрөөр хэлбэл, зорчигчийн аялж буй км тутамд компани 22 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.
Жишээлбэл, Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл 389 км зорчих нийтийн вагоны тасалбарын үнэ 7600 төгрөг. Уг нь бол 20,200 төгрөг байх ёстой. Энэ чиглэлд УБТЗ 12,600 төгрөгийн алдагдал хүлээж иргэдийг зорьсон газарт нь хүргэдэг байна.
Харин Улаанбаатараас Эрхүү хүртэл зорчих тасалбарын үнэ 125,000 төгрөг. Үүнээс төмөр зам ашигласны төлбөр болгож ОХУ-д 71,77 швейцар франк буюу өнөөдрийн ханшаар 203 217 төгрөг төлдөг нь тасалбарын үнээс ч давж байна. Олон улсын зорчигч тээврээс ч мөн алдагдал хүлээдгийн нэг жишээ нь энэ.
Дэлхийн улс орнуудад зорчигч тээврийг бие даасан төмөр замын компани хариуцан ажилладаг бөгөөд улсаас нь татаас дэмжлэг хангалттай үзүүлдэг. Тийм ч учраас гадны улс орнуудад төмөр замын зорчигч тээвэр өндөр түвшинд хөгжсөн байдаг. Манайх шиг их хэмжээний алдагдалтай тарифаар үйлчилж хөгжлөөс хоцорч буй жишээ үгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээнд 1700 орчим хүн ажилладаг. Эдийн засгийн хүндхэн байдалд орсон ч ажилчдынхаа цалин хөлсийг бүтэн өгч, хуулийн хугацаа нь бүрдсэн бол ээлжийн амралтаа авах боломж олгож байгаа аж. Нөгөө талаас зорчигчийн урсгал 2-3 дахин буурсан энэ үед ажилтнууд өөрсдийн санаачилгаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгааг онцлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.