Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Гуравдугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагийн байдлаар 192 улс орон, нутаг дэвсгэрт нийт 339.234 хүн халдвар авч, 14.703 хүн амь насаа алдаад байна. Итали, Испани, Иран, Герман, Америк, Франц, Швейцар зэрэг оронд халдвар авсан (1500-6000 хүртэл) болон нас барсан хүний (100-600 гаруй) тоо огцом нэмэгдэж байна.

“Covid-19”-н өвчлөл хамгийн ихээр бүртгэгдэж буй улс орнууд:

Улсын нэр

Халдвар авсан хүн

Нас барсан хүн

Эдгэрсэн хүн

  1.  

БНХАУ

81093

3270

72703

  1.  

Итали

59138

5476

7024

  1.  

АНУ

34953

457

178

  1.  

Испани

28768

1772

2575

  1.  

ХБНГУ

24873

94

266

  1.  

Иран

21638

1685

7913

  1.  

Франц

16018

674

2200

  1.  

БНСУ

8961

111

3166

 

Дэлхийн улс орнууд цар тахлыг зогсоох гол арга нь халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хэмээн санал нэгдэж байна. Өнөөгийн байдлаар 35 орны 900 гаруй сая хүн хөл хорионд ороод байна.

Герман, Швейцарийн эрдэмтэд “Covid-19” вирус нь “SARS”, “MERS”-тэй харьцуулахад спиртэнд тэсвэргүй бөгөөд 30 болон түүнээс дээш хувийн этанолын уусмалд устдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Судлаачид энэхүү туршилтыг лабораторийн нөхцөлд хийсэн тул иргэд согтууруулах ундааг ариутгалын журмаар хэрэглэж болохгүй хэмээн анхааруулж байна.

АНУ-д “Covid-19” вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан зарим муж, тухайлбал Нью Йорк, Иллинойс болон Калифорнийн захиргаа иргэдийг гэртээ байхыг үүрэг болгоод байна. Ойрын хугацаанд иргэдийн хөдөлгөөнд тавих хязгаарлалтыг нэмж чангатгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь коронавирусийн тархалтыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж эрдэмтэд үзэж байна. Одоогоор 45 мужийн бүх шатны сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон бол үлдсэн 5 мужид хэсэгчлэн хаагаад байна.

Covid-19” вирусийн дэгдэлт ойрын 10 хоногт хурдацтай нэмэгдэж 70 мянгад хүрч болзошгүй гэж тус улсын судлаачид үзэж байна. Нийт тохиолдлын 50 орчим хувь нь ногдож буй Нью-Йорк хотод 12,3 мянган хүн халдвар авч өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаас эмнэлгүүдэд амны хаалт, эмнэлгийн ор болон шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэх төлөвтэйг албаныхан анхааруулж байна.

Вашингтоны Эрүүл мэндийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн Covid-19” вирусийн эсрэг “”мРНК-1273” вакцины клиник туршилтын эхний шатыг эхлүүлэв. Амьтан дээр хийсэн туршилтаар өндөр үр дүнтэй болох нь батлагдсан тус вакцины 1 дүгээр шатны туршилт 6 долоо хоногийн турш үргэлжилнэ.

Мөн АНУ-ын Хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар “Cepheid Inc” компанийн бүтээсэн 45 минутын дотор вирусийн халдварыг тодорхойлох чадвартай түргэвчилсэн оношлуурыг баталсан тул энэ 7 хоногоос үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

АНУ өвчний улмаас эдийн засагт үүссэн савалгааг тогтворжуулах үүднээс 1 их наяд ам.долларын өртөг бүхий эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа ч эрх баригчид зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

“Америкийн банк /Bank of America/”-аас “Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж байна” хэмээн мэдэгдэв.

БНТУ “Covid-19” вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээгээ өргөжүүлж, энэ хүрээнд зочид буудал, ресторан, дотуур байр, асрамжийн газруудад мөрдөх шинэ журам гаргав. Тухайлбал, зочид буудлууд ирсэн хүний аяллын маршрут, цаашид зорчихоор төлөвлөсөн газрын дэлгэрэнгүй мэдээллийг авах; ресторанд ширээ хоорондын зай хамгийн багадаа 1 метр буюу зохист зай 2 метр; асрах газар, ахмад настны асрамжийн газарт байгаа хүнд халдварын шинж илэрвэл бусад бүх хүнийг хяналтад авах аж.

Ерөнхийлөгч Р.Эрдоан 03 дугаар сарын 20-нд зарлиг гаргаж, нислэг цуцлагдсан Их Британи, Ирланд, Швейцарь, Польш, Итали, Египет, Саудын Араб, АНЭУ-д байгаа оюутнууд өөрсдөө хүсвэл тусгай үүргийн онгоцоор авчрах, шинжлэх ухаан, соёл урлаг, музей зэрэг бүх арга хэмжээг 04 дүгээр сарыг дуустал зогсоохоор болов. Мөн Истанбул хотын зах худалдааны төвүүд дэх хүнснээс бусад төрлийн худалдаанд хязгаарлалт тавьж, нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөлж, такси, автобус, метробус зэрэгт зориулан халдваргүйжүүлэх цэг-буудлыг хот даяар ажиллуулахаар болов.

Тус улсын Засгийн газар өвчний тархалтыг тогтоон барих арга хэмжээний хүрээнд дахин 46 улс руу хийх нислэгийг зогсоох шийдвэр гаргаснаар 66 улстай хийх агаарын тээвэр зогссон байна. Мөн энэ сарын 22-ны өдрөөс 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг гэрээсээ гарахыг хориглов.

Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Истанбулд төвтэй “Erucan” технологийн компани ATM-д зориулсан цаасан мөнгийг шуурхай ариутгаж, халдваргүйжүүлэх зориулалттай модулийг зохион бүтээжээ.

Итали Улсын Бергамо хотод нөхцөл байдал хүндэрч, цогцос хадгалах, шатаах газрууд дүүрч эмнэлгийн байгуулагын ажилтнууд дангаараа гүйцэтгэх боломжгүй болсон тул цэргийн хүчийг татан оролцуулж байна. Мөн тус хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон учир бусад хотууд руу өвчтөнүүдээ илгээж эхэлжээ.

Тусламж үзүүлэхээр очсон Хятадын эмч, мэргэжилтнүүд Ломбарди мужид тогтоосон хяналт хангалттай чанга байж чадахгүй байгааг онцолж байна. Мөн Италид ажиллаж байгаа Хятадын Улаан загалмай байгууллагын дэд Ерөнхийлөгч Сун Шоупэн Милан хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ “Вирусийн тархалтыг тогтоон барихын тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай, одоогийн энэ нөхцөл байдал 2 сарын өмнөх Ухань хотынхтой ижил байна, Милан хотод одоо ч нийтийн тээвэр ажиллаж, хүмүүс чөлөөтэй зорчиж, маск зүүхгүй, тэр ч бүү хэл зочид буудалд үдэшлэг, оройн хоолны арга хэмжээ болсоор байна. Эдийн засгийн бүх үйл ажиллагаа болон хүний үйл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гэрт нь байлгах шаардлагатай” гэв. Иймээс Засгийн газраас Ломбарди хотод цэргийн хүчээр хөл хорионы дэглэм тогтоохоор болж, 114 цэргийг баасан гарагаас дайчилсан байна.

Ерөнхий сайдын ажлын албанаас сайн дурын 300 эмч ажилтныг цар тахалд нэрвэгдээд байгаа газрууд руу илгээхээр судалж байна.

Итали Улсад өвчтөний амь насыг аврахад нэн шаардлагатай техник, багаж хэрэгсэл хангалтгүй байгаа нь тус улсад “Covid-19”-ийн улмаас нас барж буй иргэдийн тоо өндөр байхад нөлөөлж байна гэж Хятадын эрдэмтэд үзэж байна.

Италийн Эрүүл мэндийн институци халдвар авсан 25.058 тохиолдлыг судлахад, 58 хувь нь эрэгтэй, дээрх тохиолдлоос нас барсан 1697 хүний 70 хувь нь мөн эрэгтэй байжээ. Италид эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү халдварт өртөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн нас баралт 5 хувь байхад эрэгтэйчүүдийнх 8 хувь байна. Энэ нь эмэгтэй хүний дархлааны систем эрэгтэй хүнийхээс илүү хүчтэй, түүнчлэн эрэгтэйчүүдийн олонх нь тамхи татдаг, гараа тогтмол угаадаггүй зэргээс үүдэлтэй гэж үзэж байна. Хятадад эрэгтэйчүүдийн үхлийн хувь 2.8 хувь байсан бол эмэгтэйчүүдийнх 1.7 хувь байжээ.

Мөн институцийн судалгаагаар нас барсан хүмүүсийн 86 хувь нь 70-аас дээш настай байгаа бол цаашид 60-69 настай хүмүүс үхлийн тохиолдлын 10 хувийг эзлэхээр байна гэжээ.

ОХУ Италийн нөхцөл байдал хүндэрсэн мужууд руу вирус судлаач эмч нараас бүрдсэн цэргийн эмнэлгийн 8 бригад, агаар болон хөрс халдваргүйжүүлэх хөдөлгөөнт цогцолбор, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг 03 дугаар сарын 22-ны өдрөөс илгээж эхлэв. Мөн Италийн Батлан хамгаалахын сайд АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эсперт хандан тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хүч нэмэгдүүлэн туслахыг хүссэн байна.

Тус улсад “Covid-19” вирусийн өвчлөл өргөн тархсан нь шилжилт хөдөлгөөнийг зогсоох, халдвар авсан иргэдийг тусгаарлах арга хэмжээг цаг алдаж хэрэгжүүлсэн, үндэсний соёл (ямар ч хүнтэй уулзсан тэврэх, үнэсэх) нь гол нөлөө үзүүлсэн хэмээн дүгнэж байна. Засгийн газраас хөл хорионы дэглэмийг чангатгаж 03 дугаар сарын 23-аас эхлэн 10 хоногийн хугацаанд нэн чухал бүтээгдэхүүнээс бусад төрлийн үйлдвэрлэлийг зогсоохоор болов.

ИБУИНВУ-ын Засгийн газар 03 дугаар сарын 20-ны оройноос эхэлж баар, кафе, дэлгүүр, спорт заал, фитнес төв, театр зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргав. Түүнчлэн 3 сарын хугацаатай “Коронавирусийн тархалтын үед ажлын байрыг хадгалах схем” гаргаснаа танилцуулж, шаардлагатай бол хугацааг сунгахаа мэдэгдэв. Схемд цалингийн дунджийн 80 хувьтай тэнцэх буюу сарын 2.500 паунд хүртэлх хэмжээний мөнгийг 3 сарын хугацаанд ажил олгогч нарт олгохоор болж, түрээслэгчдэд 1 тэрбум паундын дэмжлэг үзүүлэх, 12 сарын хугацаатай хүүгүй зээл олгох, татварыг хойшлуулахаар тусгажээ. Энэ бүх зардал нь 30 тэрбум паунд буюу тус улсын ДНБ-ий 1,3 хувьтай тэнцэж байгааг мэдэгдэв. Түүнчлэн тэтгэврийнхэн, улсын халамжид хамрагдагсад болон иргэдэд бусад төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж. 

Засгийн газраас хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж 8.000 нэмэлт ор, 1.200 хүчилтөрөгчийн аппаратыг олгож, 20.000 мэргэжлийн эмч, сувилагчдыг ажилуулах, эмнэлэг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 65.000 хүнийг ажиллуулах зэрэг арга хэмжээг авч байна.  Мөн халдварт өртөх өндөр эрсдэлтэй 1,5 сая орчим иргэн хамгийн багадаа 21 хоног өөрсдийгөө тусгаарлах шаардлагатайг анхааруулж, энэхүү шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуриуцлага хүлээлгэхээ мэдэгдэв. Гэртээ тусгаарлагдсан хүмүүст шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг эмийн сангийн хүргэлтээр өгөх бол цэргийн алба хаагчид хүнсний дэлгүүрүүдэд бараа хүргэх ажлыг зохион байгуулахад тусалж байна.

БНФУ-ын Улсын сенаторууд “Covid-19” цар тахалтай тэмцэхийн тулд Засгийн газарт тусгай эрх олгох тухай хуулийн төслийг баталж, Үндэсний Ассамблейд өргөн барьсан байна. Хуулийн төсөлд иргэний зорчих эрх, эрх чөлөө, бараа үйлчилгээ худалдан авах эрхийг 2 болон түүнээс дээш сараар хязгаарлах, үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх эрхийг Засгийн газарт олгохоор тусгажээ.

ХБНГУ даяар хөл хорио тогтоох асуудал одоогоор яригдаагүй байгаа ч зарим муж дотооддоо хөл хорио тогтоож эхлэв. Тус улсын хамгийн том Бавари муж 03 дугаар сарын 21-ний оройноос эхлэн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, ажилд явах, эм, хүнсний зүйл худалдан авах, эмнэлэгт очих, задгай талбайн биеийн тамир дасгал, салхинд алхах зэргийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн, Франц, Люксембургтэй хиллэдэг Саарланд, түүний зэргэлдээ орших Ринеланд-Палатинейт, Франц, Швейцарьтай хиллэдэг Баден-Вүртембэрг, доод Саксон, Хамбург, санхүүгийн гол төв Франкфурт хот байрладаг Хессе зэрэг мужид ресторан, кафе, пиво баарны үйл ажиллагааг зогсоож, нэг дор цуглах хүний тоог 3, 5, 6 зэргээр тус бүрдээ тогтоож, хязгаарлалтыг зөрчвөл 25 мянган еврогийн торгууль ногдуулах, эсвэл шоронд хорих хүртэл ял шийтгэнэ гэж мэдэгдэв.

Засгийн газар вирусийн халдварын тархалтын улмаас гэр бүлийн гишүүдээс  өөр 2-оос дээш хүн нэг дор цуглахгүй байх шийдвэр гаргав. Уг шийдвэр хамгийн багадаа 2 долоо хоног үргэлжилнэ. Канцлер Ангела Меркелийн өөрийгөө тусгаарласан бөгөөд учир нь түүний эмч “Covid-19”-ийн халдвар авсан байна. Хэдийгээр Канцлер өөрийгөө тусгаарласан ч улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор 150 тэрбум еврог төсөвлөн гаргах төлөвлөгөөний дагуу Засгийн газар ажиллахаа мэдэгджээ.  

Испанийн Вант Улс даяар хөл хорио тогтоогоод 7 хонож байгаа ч үхлийн тохиолдол нэмэгдсээр байна. Өндөр эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа архаг хууч өвчтэй хүмүүсийн нас баралтын тоо их байгаа бөгөөд өвчтөний амийг аврах баталгаа өгч чадахгүй гэж албаны эх сурвалж өгүүлэв. Тус улсын Ерөнхий сайд Испани Улс Европын холбооны орнуудтай харьцуулахад хамгийн “хатуу” хөл хорио тогтоосон ч ойрын хоногуудад халдвар авсан болон нас барсан иргэдийн тоо нэмэгдэх тул сэтгэл зүйн хувьд бэлэн байхыг иргэдээсээ хүссэн байна.  

ИБНИУ-ын Ерөнхийлөгч Хасан Роухани бүх худалдааны төв, их дэлгүүрийг 04 дүгээр сарын 03 хүртэл хаахыг Дотоод хэргийн яаманд үүрэг болгов. Иранд 03 дугаар сарын 20-ноос 14 хоног Наурызийн баярын амралт эхэлсэн бөгөөд амралтаар гэрээсээ гарахгүй, баярын аялал хийхгүй, өөр хоорондоо зочлохгүй байхыг анхааруулсаар байгаа ч иргэд эсэргүүцэж, хөл хөдөлгөөн нэмэгдэж байна.

Тус улсын Хүнс, эмийн бүтээгдэхүүний байгууллага “Covid-19” вирусийн эсрэг эмийг 7-10 хоногийн дотор худалдаанд гаргах болсон тухай мэдэгдэв. Ухань хотод ашиглаж байсан эмийн түүхий эдийг БНХАУ-аас авсан бөгөөд клиник туршилтыг амжилттай хийсэн аж. Иранд “Covid-19”-ийн халдвар нэмэгдсээр байгаа тул томоохон худалдааны төв, үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолборуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болов.

АНЭУ хоёр долоо хоногийн хугацаанд орох, гарах бүх иргэний агаарын тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргалаа.

Саудын Арабт 03 дугаар сарын 23-наас эхлэн эхний ээлжид 21 хоногийн хугацаанд 19:00 цагаас 06:00 цаг хүртэл улсын хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Уг шийдвэр нь аюулгүй байдал, эрүүл мэнд, цэвэрлэгээ, үйлчилгээ болон хэвлэлийн салбарынхнаас бусдад нь үйлчлэх аж.

БНЭУ-ын нийслэл Нью Дели хот 03 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 7 хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор шийдвэрлэв. Хөл хорионы үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл бүрэн зогсож, эмнэлэг, цагдаа зэрэг онц шаардлагатайгаас бусад бүх үйлдвэр, үйлчилгээ зогсох аж. Түүнчлэн мужийн хилийг хааж, олон улсын бүх нислэгийг зогсоохоор болжээ.

БНКазУ-д “Covid-19” вирусийн халдвар авсан 56 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор онц байдал зарлан, Нур-Султан, Алмата хотуудад хөл хорио тогтоогоод байгаа боловч 03 дугаар сарын 22-нд Лондон хотоос ирсэн гадаадын дипломатаас вирусийн халдвар илэрсэн байна.

ОХУ-д ашиглаж буй оношлуурын мэдрэг чанар нь 1 мл литрт 105 плазмид байгаа тохиолдолд өвчнийг оношлох чадвартай бөгөөд вирус хангалттай түвшинд агуулагдаагүй бол илрүүлж чадахгүй байна.

Хорио цээрийн алба “Covid-19” вирусийн тархалтаас сэргийлэх үндсэн арга нь тусгаарлах горим хэмээн үзсэн тул өвчний халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй хүн бүрийг 14 хоногийн хугацаанд заавал тусгаарлах үүргийг орон нутгийн удирдлагад өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор 03 дугаар сарын 27-ноос жоргүй олгох эмийг онлайнаар худалдаалах шийдвэр гаргав. Тус улсын хэмжээнд 36 мянган хүн хөл хорионд байгаа бөгөөд дэглэм зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар болоод байна. Гэсэн хэдий ч Англи, Австрали улсаар аялах үедээ халдвар авсан иргэнтэй 03 дугаар сарын 16-ны өдөр хамт ниссэн 50 зорчигчийг өнөө хүртэл тогтоож чадаагүй байна. Фитнес, бассейн, үзвэрийн газруудыг түр хугацаагаар хаах, Москва болон бусад улсын нийслэл хооронд хийгдэх тогтмол нислэг, гадаадын иргэдийг нутаг буцаах, өөрийн иргэдийг авч ирэх тусгай үүргийн нислэгээс бусад нислэгийг зогсоохоор болов.

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин тус улс 6 төрлийн вакцин бүтээж байгаа бөгөөд ойрын хугацаанд туршилт дуусна гэж мэдэгдэв. Мөн тус улсын мэргэжилтнүүд 04 дүгээр сарын дундуур халдварын тархалт намжина гэж үзэж байгаа аж. ОХУ-д вирусийн тархалтын улмаас 3 сая орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч дампуурч, 8,6 сая хүн ажилгүй болох төлөвтэй байна.

ОХУ-ын Боловсролын яам их, дээд сургуулийн хичээлийг зайнаас явуулах тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсад сурдаг Монгол Улсын 2.000 гаруй иргэн нутаг буцахаар бэлтгэж байна.

БНХАУ-ын Гуанжоугийн Анагаахын их сургууль болон Хонгконгийн Их сургуулийн судлаачид “Covid-19”-ийн халдвар авсан хүнд өвчний шинж тэмдэг илрэхээс 2,5 өдрийн өмнө бусдад халдвар тараадаг гэх дүгнэлтийг гаргасан байна. Мөн халдвар авсан нийт иргэдийн 44 хувь нь бусдаас энэ үед нь халдвар авсан байх магадлалтай гэсэн байна.

Хубэй мужийн удирдлага Ядуурлыг бууруулах сантай хамтран Ухань хот болон тус мужийн бусад хотын “Covid-19” өвчний халдвар авсан нэн ядуу иргэн бүрт 10.000 юаньтай тэнцэх хэмжээний тусламжийг 03 дугаар сарын 22-ны өдрөөс олгож эхэлжээ. Энэхүү тусламжид гурил, будаа, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эмнэлгийн тусламж, эмийн бүтээгдэхүүн орж байгаа аж.

Хонконгод “Covid-19”-ийн халдвар авсан тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд 1 ой 8 сартай хүүхэд байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор 03 дугаар сарын 23-наас иргэдийг гэрээсээ ажлаа хийх дэглэмд шилжүүлж, их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулж, спорт цогцолбор, фитнесс төвүүд, 4 музей, 7 номын санг хаахаар болжээ.

Хятад Улс дахь “Covid-19”-ийн судалгаа шинжилгээний үр дүн, өгч буй зөвлөгөө

Тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр Хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол анхаарлыг коронавирусийн судалгаанд хандуулсан бөгөөд вирусийн халдвар авах, хурдан илрүүлэх, эмийн бүтээгдэхүүн, вакцин, загвар бүтээх, хөгжүүлэлт, эсрэг биеийн судалгаа, боловсруулалт зэрэг ажил үр дүнд хүрчээ. Ингэснээр вирусийг 2 цагийн дотор баталгаатай илрүүлэх оношлуурыг амжилттай туршиж, хэд хэдэн вакцин амжилттай гарган авч, клиник туршилт явуулж байгаа аж.

“Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн 1/3-д нь өвчний шинж тэмдэг илрэхгүй, эсвэл хожуу илэрдэг байж болзошгүй талаар South china morning post сонинд мэдээллээ. Тодруулбал, 02 дугаар сарын сүүлч гэхэд БНХАУ-д шинжилгээгээр 43.000 хүн “Covid-19”-ийн халдвартай болох нь тогтоогдсон боловч тэдэнд өвчний шинж тэмдэг огт илрээгүй байна. Дээрх иргэдийг тусгаарлан ажигласан боловч албан ёсоор халдвар авсан иргэдийн тоонд бүртгээгүй байна. Энэ мэт халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүс уг вирусийн тархалтад ихээхэн нөлөөтэй тул халдвараас урьдчилан сэргийлэх тактикийг дахин харж үзэх шаардлагатай хэмээн уг сонинд бичжээ. Энэхүү мэдээлэл нь ДЭМБ-аас гаргасан шинж тэмдэггүй халдвар нийт халдварын 1-3 хувийг эзэлнэ гэсэн дүгнэлтийг эрс өөрчлөхөөр байна.

Түүнчлэн Уханиас ирсэн Япон иргэдийн дунд хийсэн тандалтаар “Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн 30.8 хувьд нь шинж тэмдэг илрээгүй байна. Харин БНСУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр тус төвд бүртгэгдсэн халдварын 20 гаруй хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Мөн бага насны хүүхдүүдийн дунд шинж тэмдэггүй халдвар илүү өндөр хувьтай байх магадлалтай хэмээн Японы эрдэмтэн Нишиура “Халдварт өвчний талаарх олон улсын сэтгүүл”-д бичсэн нийтлэлдээ дурдсан байна. Мөн АНУ-ын Техасын Их сургуулийн судлаачид халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүн нийт халдварын 10 хувийг тарааж байх магадлалтай хэмээн дүгнэсэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн газрын 03 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд 18 мужид коронавирусийн өвчтэй байсан хүмүүсээс нийт 1000 плазмын дээж цуглуулж, 352.000 мл-ийг хадгалжээ. Эдгэрсэн нэг хүн дунджаар 2-3 өвчтөний эмчилгээнд ашиглаж болох плазм хандивласан байна. БНХАУ-ын Ухань хотын Биологийн хүрээлэнгийн захирал Дуан Кай хэлэхдээ “эдгэрсэн хүмүүсийн цуснаас авсан плазмыг өвчтөнүүдэд хийснээс хойш 48 цагийн дотор биен дэх нуклейн хүчлийн шинжилгээ сөрөг болж, бие нь сайжирч байна. Үрэвслийн гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц буурч, лимфоцитын хэмжээ болон цусны хүчилтөрөгчийн ханалтын хэмжээ нэгэн зэрэг нэмэгдсэн нь эмчилгээ сөрөг нөлөөгүй бөгөөд үр дүнгээ өгч буйн илрэл юм” гэсэн байна.

Хятадын Үндэсний уламжлалт эмийн удирдлагын газраас 03 дугаар сарын 18-ны өдөр уламжлалт эмчилгээний хоргүйжүүлэх үрлийг эмнэлзүйн туршилтад оруулсны дараа коронавирусийн эмчилгээнд зөвшөөрөгдсөн анхны уламжлалт эмээр батламжилсан байна. Тус эм вирус устгах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.