Жирэмсний үед илүү их алхах хэрэгтэй юу?

Жирэмсний үед илүү их алхах хэрэгтэй юу?

Алхалт нь жирэмсэн эхэд хамгийн аюул багатай хялбар дасгалуудын нэг бөгөөд жирэмсэн үедээ хийх шаардлагатай байдаг ихэнхи дасгалыг алхалтаар нөхөж болдог. Гэхдээ энэ нь хүн бүрт зайлшгүй шаардлагатай гэсэн үг биш бөгөөд жирэмслэлтийн онцлогоос хамаараад эмчтэйгээ зөвлөлдөж байж шийдэх хэрэгтэй. Хэтрүүлэхгүй байх нь л хамгийн чухал юм.
Жирэмсэн байхдаа сайтар алхахын ашиг тус:

Хэт таргалалтаас сэргийлнэ: Жирэмсэн үедээ алхах нь чамайг хөдөлгөөнтэй байлгаж замбараагүй таргалхаас сэргийлдэг. Тогтмол алхсанаар зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж улмаар булчингийн идэвхтэй үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Эрүүл хүүхэд: Алхалт нь жирэмсэн эх болон хэвлий дэх хүүхдийн жинг тогтмол хэмжээнд барьж өгдөг. Хэвлий дэх хүүхдийн жинг эрүүл хэмжээнд хадгалах нь төрөлтийн үйл явцыг байгалийнхаа жамаар амар хялбар явагдахад тусалдаг юм.

Жирэмсний үеийн чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг: Жирэмсэн эхийн цусан дахь сахарын хэмжээ их байх нь дутуу эсвэл хэт таргалалттай хүүхэд төрөх эрсдлийг ихэсгэж байдаг. Мөн төрсний дараа эх нь өөрөө 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр байдаг.

Стрессийг багасгана: Ихэнхи жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ тээх явцдаа сэтгэл гутралд автдаг. Дааврын өөрчлөлтөөс хамааран жирэмсэн эмэгтэй сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж гэнэт баярлах уурлах гэх мэт хувьсамтгай зан ааштай болох магадлал өндөр байдаг. Алхалт болох бусад хөнгөн дасгалууд нь эндорфиний хэмжээг багасгаж сэтгэл санааг тогтворжуулдаг нөлөөтэй.

Хэвийн төрөлт: Эх хэвийн жинтэй байх нь төрөлтийн явцыг хялбаршуулдаг бөгөөд алхсанаар гуяны булчинг чангалж, уян хатан чанарыг сайжруулж бага өвдөлттэй амар төрөхөд тустай байдаг. Ялангуяа өглөө эрт алхах нь үр дүнтэй.

Өвдөлт болон биеийн таагүй байдлыг намдаадаг: Жирэмсэн болсноор хөдөлгөөн багасаж бие урьдынхаасаа идэвхигүй болсноор тааламжгүй мэдрэмж төрж эхэлдэг. Алхалт нь нэг ёсондоо хөлөнд сунгалт хийгдэж байна гэсэн үг учраас янгинасан өвчинг намдааж, хавантахаас сэргийлэх ач тустай.

Бусад: Тогтмол бага хэмжээгээр алхаж заншсанаар өглөөгүүр дотор муухайрах, хэт ядарч сульдах, шөрмөс татах, өтгөн хатах, нойргүйдэх зэргээс сэргийлдэг.

Жирэмсэн үед хэр хэмжээтэй алхах нь зөв бэ?
Та жирэмслэхээсээ өмнө хэр их хөдөлгөөнтэй хүн байсан бэ гэдгээс ихээхэн хамаарна. Хэрвээ өмнө нь тогтмол алхдаг, спортоор хичээллэдэг байсан бол үргэлжлүүлж болно. Харин тийм ч их дасгал хөдөлгөөн хийдэггүй байсан бол 7 хоногт нэг удаа 15-30 минут алхахаас эхлээд цаашдаа 7 хоногийн ихэнх өдрүүдэд 60 минут болгож сунгах гэх мэтээр аажмаар дасгах хэрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.