Дэлхий дахинд коронавирусний “Дельта” хувилбар хурдацтай тархаж байна
Дэлхий дахинд шинээр батлагдаж байгаа коронавирусний халдвараар өвчлөгчдийн тоо “Дельта” хувилбарын хурдацтай тархалтаас болж эрс нэмэгдсээр байна. Зарим улс орон хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ сулруулж байгаа ч зарим улсад улам чангатгасаар байгаа. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 194 сая 847 мянгыг даваад байна.
Харин Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын эрх баригчид коронавирусний эсрэг тэмцлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хорио цээрээ сулруулж эхэлсэн. Тус улсын ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, цар тахлын гурав давлагаа аль хэдийн болоод өнгөрсөн гэжээ.
Тэгвэл Вьетнамын нийслэлд нөхцөл байдал эсрэгээрээ байгаа буюу хөл хорионы цаг хэрэгжиж байна. Турк улсад “Ковид-19”-ийн тохиолдлууд эрс нэмэгдсэн байна. Туркэд 5 дугаар сараас хойш анх удаа 24 цагийн дотор хамгийн өндөр тохиолдол өчигдөр бүртгэгджээ.
Харин АНУ-д дельта хувилбарын тархалтын оргил үе 10 дугаар сард тохионо гэх судалгаа таамаг гараад байгаа аж. Мөн Хойд Каролины их сургуулийн эрдэмтэд вакцинжуулалтын явц өнөөдрийн энэ байдлаараа үргэлжлэх юм бол цаашид гамшгийн түвшинд хүрч очих аюултай гэж анхааруулаад байгаа юм.
АНУ-д шинэ тохиолдлуудын тоо өндөр гарч байгаагийн хажуугаар нас баралт ч түүнийгээ дагаад өндөр байна. Америкийн төрийн тэргүүн Жо Байдены эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх доктор Энтони Фаучийн мэдэгдсэнээр бол, АНУ “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцлээ буруу арга замаар явуулж байна гэсэн нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох сэдэв болж эхэллээ.
Эрдэмтэд вакцинжуулалтыг хурдасгаж, хязгаарлалтын хатуу арга хэмжээ авах нь цар тахлыг хяналтдаа оруулахад нэн чухал гэх байр суурьтай байгаа юм. Шинжлэх ухааны чиглэлээр нийтлэл гаргадаг “The Lancet” сэтгүүлд, коронавирусний халдвараар өвчилсөн зарим хүмүүсийн оюун ухаан, танин мэдэхүйн чадвар бага зэрэг суларч байна гэх гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.
Энэ дүгнэлтийг гаргахын тулд 80 мянга гаруй хүнийг судалгаанд хамруулсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.