The Diplomat: Монгол Улс дипломат ажиллагааны боломж бүрийг ашиглаж байна
Монгол Улс дипломат ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Тодруулбал, Монголын эрх баригчид тавхан өдрийн дотор БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын төлөөлөгчидтэй өндөр түвшний хэлэлцээ хийлээ. Монгол Улс нь Хятад-АНУ-ын өрсөлдөөнд аль нэг талыг сонгохоос болгоомжлон зайлсхийхийн сацуу бүх талд ашигтай байх нөхцөлийг эрэлхийлдэг олон орны нэг юм.
Саяхан өрнөсөн дипломат ажиллагаа нь Улаанбаатар хотод долоодугаар сарын 23-25-нд болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерманы айлчлалаас эхлэлтэй юм. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, У.Шерман АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Монголын ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, бүрэн эрхт байдлыг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх арга замын талаар хэлэлцжээ. Мөн тэрбээр Монгол дахь ЛГБТ төвөөр зочилсон нь АНУ хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарч буйг харуулснаас гадна Чойжин ламын музейд зочилж, шашны дурсгалт газруудаас эхлэн уламжлалт монгол бичгээр дамжуулан Монголын өв соёлыг хадгалан хамгаалах үйл хэрэгтэй танилцжээ. Харин энэ нь хилийн цаана оршдог Өвөр Монголд Монголын өв соёл, хэлийг алдагдуулж байна хэмээн буруутгагддаг БНХАУ-ыг чиглэсэн үйлдэл мэт харагдаж байгаа боловч Монгол Улс Хятадын дургүйцлийг хүргэдэг АНУ-ын үгсийг хүлээн авахаас зайлсхийхэд болгоомжтой хандсан байна.
Гэсэн ч энэ нь Улаанбаатар Вашингтонтой тогтоосон түншлэлдээ хэт бүрэг хандсан гэсэн үг биш юм. Монголын Гадаад харилцааны яамны мэдэгдэлд дурдсанаар, “Монголын гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг өргөжүүлэх, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Гэвч Монгол Улсын хувьд энэхүү харилцааны урт хугацааны тэргүүлэх чиглэлдээ стратегиэс илүү эдийн засагтаа түлхүү ач холбогдол өгөх нь илэрхий байна. Ийнхүү талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэг амлалт өгсөн нь Монголын талын гол ололт байв.
Гэвч эдийн засаг, стратегийн түншлэлийн хил хязгаар зарим тохиолдолд тодорхойгүй байх нь бий. Монгол, АНУ мөн Мянганы сорилтын сангийн /МСС/ хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд үүнд АНУ-аас үзүүлэх буцалтгүй тусламж багтана. Балба, Шри Ланка зэрэг бусад хэд хэдэн оронд АНУ-аас Мянганы сорилтын сангаар олгосон тусламж нь Хятадтай сөргөлдсөн гэх маргаан дагуулаад байгаа юм. Харин Монгол Улсын хувьд хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурж, хэрэгжүүлэхдээ огт эргэлзээгүй бололтой байна.
У.Шерманыг Улаанбаатарт айлчлах хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд долоодугаар сарын 21-25-нд ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсон юм. Ийнхүү тэрбээр цомхон зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон гадаадын цөөн удирдагчийн нэг болжээ. МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр, Монгол, Японы Ерөнхий сайд нар сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа уулзжээ.
“Л.Оюун-Эрдэнэ Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзах үеэрээ, “Монгол Улс гуравдагч хөрш болох Япон Улстай стратегийн түншлэл, хамтын ажиллагаагаа бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээн МОНЦАМЭ агентлаг мэдээлжээ.
Монголын Ерөнхий сайдын уулзсан албан тушаалтнуудын жагсаалтад Японы Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Вакита Такажи нар багтаж буй нь Монгол Улс эдийн засгийн асуудлууд, цар тахлын менежментэд гол анхаарлаа хандуулсаар байгааг дахин харуулж байна. Энэхүү айлчлалын үеэр, Япон, Монгол эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаад санал нэгдэж, Монголын Олон улсын шинэ нисэх буудал, Улаанбаатарыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр зам тэргүүтэй эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийн талаар хэлэлцжээ.
Харин энэхүү уулзалтын дараа Монгол бус Япон Улс стратегийн асуудалд илүү анхаарал хандуулжээ. Японы “Kyodo” агентлагийн мэдээлснээр, С.Ёшихидэ Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллаж, БНАСАУ-д 1970, 1980-аад оны үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудалд нэн даруй шийдэл олох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчилсныхаа дараа БНСУ-ыг зорьж, тус улсын Ерөнхий сайд Ким Бү Гём, Экспорт-Импортын банкны дарга болон “дэд бүтцийн хөрөнгө оруулалтын компаниудын төлөөлөгчидтэй” уулзжээ. Тэрбээр Ким Бү Гёмтэй Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцсан нь БНАСАУ-ын асуудалд зуучийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж буй Монгол талыг дэмжиж буйн илрэл болжээ.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг долоодугаар сарын 27-нд БНХАУ-ын Тяньжинь хотод буюу Хятадын төлөөлөгчид У.Шермантай хэдхэн хоногийн өмнө уулзсан хотод хүрэлцэн очжээ. Ийнхүү Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзжээ. Уулзалтын үеэр Ван И, Монголтой өрнүүлж буй харилцаа нь хөршийн дипломат ажиллагаанд чухал байр суурь эзэлсээр ирснийг дурдаад, Монгол Улс Хятадтай өрнүүлж буй харилцаагаа гадаад бодлогынхоо эн тэргүүний чиглэл хэмээн үздэгийг сайшаажээ.
“Манай улс Монгол Улсын хөгжлийг түргэтгэх чиглэлд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулж, уул уурхай, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй, мал аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна” гэж Ван И хэлжээ. Мөн талууд хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлэх зорилт тавьж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монголд хэрэгжүүлэх “томоохон төслүүдийг” эхлүүлэхэд эн тэргүүний ач холбогдол өгөхөөр болжээ. Үүний зэрэгцээ “Бүс ба Зам” санаачилгыг Монголын “Талын зам” хөтөлбөртэй уялдуулах ажлыг түргэвчлэхээр тохиролцсон байна.
Мөн Б.Батцэцэг зургаадугаар сард БНХАУ-ын “Бүс ба Зам: Ази-Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралд оролцож, Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ.
Ийнхүү стратегийг чухалчилсан орон нь дахин Монгол биш байв. Тодруулбал, Хятадын мэдэгдэлд, хоёр орон харилцан бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дээдэлж, бие биеийн сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийн үндсэн ашиг сонирхол, тулгамдсан асуудлуудыг мөн хүндэтгэхээр тохиролцсоныг онцлон тэмдэглэжээ. Хятадын талаас авч үзвэл, энэ нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлууд болон Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой дахь үйл ажиллагааг шүүмжилж буй АНУ-ын тэргүүлсэн бүлэг орнуудад нэгдэхгүй гэсэн амлалтыг Монголоос авснаас өөрцгүй юм.
Үүний зэрэгцээ Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсад долоодугаар сарын 26-нд айлчлах үеэрээ тус улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай “хоёр орны батлан хамгаалах салбар хийгээд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн хамтын ажиллагааны талаар, мөн харилцан сонирхож буй бусад асуудлуудын талаар хэлэлцжээ”. Түүнчлэн хоёр орны Батлан хамгаалахын сайд нар “COVID-19” цар тахал намжих үед “батлан хамгаалах, аюулгүй байдлын бүх түвшний төлөөлөгчдийн айлчлал, харилцан солилцоо, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хамтарсан сургуулилалтуудыг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ”.
Улаанбаатарт хийсэн Вэй Фөнхөгийн айлчлал Монгол Улс АНУ, Япон, БНСУ-ын эрх баригчидтай хийсэн уулзалтуудын үеэр эдийн засаг, хөрөнгө оруулалт, цар тахлын менежментэд голчлон анхаарч буй үед болсон нь ихээхэн анхаарал татсан юм. Үүнээс үзэхэд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин тус бүс нутгийн өөр орнуудаар айлчилж буй үед БНХАУ ч мөн хүчээ зузаатгахыг эрмэлзсэн байж магадгүй юм.
Гэвч үүнийг Монгол Улс БНХАУ-ын талыг ямар нэгэн байдлаар баримталж буйн баталгаа гэж үзэж болохгүй. Улаанбаатарын хувьд эдийн засгаа өсгөхийг хүсэж байгаа бөгөөд энэ нь Хятадтай /мөн Бүс ба Зам/ ойр оршдог давуу талаа ашиглахаас ихээхэн хамаарна. Гэсэн хэдий ч Монгол Улс том хөршөөсөө хэт хамааралтай болохоос мөн болгоомжилж, ардчилал, бүрэн эрхт байдлаа хамгаалахыг хүсэж байна. Тус улс нь АНУ, Япон, БНСУ зэрэг “гуравдагч хөршүүдтэйгээ” идэвхтэй харилцаж буй нь бүх найдвараа Хятадын талд тавих хүсэлгүй байгааг нь батлан харуулж байна.
Монгол Улсын хувьд, цар тахал оргил цэгтээ хүрсэн үед вакциныг ухаалгаар татан авсан шигээ олон талт гадаад бодлогоо хамгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэхийг зорьж байна. Хүн амынхаа 60 гаруй хувийг бүрэн вакцинжуулаад буй тус улс нь хөгжиж буй орнуудын дундаа сайн үр дүнд хүрээд байна. Энэ бүхэн нь вакцинаар хангаж чадах бүх талын түншүүдтэйгээ сайн ажиллаж чадсантай нь холбоотой юм. Тодруулбал, хөрш орнууд болох БНХАУ, ОХУ-аас вакцин худалдаж авснаас гадна “AstraZeneca”, “Pfizer” компанид гарган авсан Өрнөдийн вакцинуудыг хандивын шугамаар хүлээн авч, мөн АНУ-аас нэмэлт санхүүжилтийн дэмжлэг авсан юм. Мөн Монголын эрх баригчид “COVID-19”-тэй тэмцэхэд тусламж үзүүлсэн АНУ, Япон, БНСУ, БНХАУ-д талархлаа илэрхийлж чадсаныг онцлох нь зүйтэй юм.
Энэхүү нийтлэлийг АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй "The Diplomat" сэтгүүлийн редактор Шэннон Тиецци бичжээ. Тэрбээр БНХАУ-ын гадаад харилцаа, улс төр, эдийн засгийн талаар голчлон нийтлэл бичдэг ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.