Г.Дамдинням: Дарханы замын гацааг гаргаад, санаачлагатай ажиллаж байгаа

Г.Дамдинням: Дарханы замын гацааг гаргаад, санаачлагатай ажиллаж байгаа

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Дарханы замын ажил хэдэн хувьтай байгааг тодрууллаа.

-Дарханы замын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үндсэн урсгал хийгдэж байгаа. 1,3,5 дугаар багц бол хучилтаа авсан тул хөдөлгөөн нээсэн. Одоо тэмдэг тэмдэглэгээ хийгээд, хаалт, хашилтуудыг нь хийгээд явж байна. Ер нь бол 85-93 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ онд бүрэн ашиглалтад орно. Азийн хөгжлийн банкны хөрс хучилтийн 2,4 дүгээр багц 90 орчим км зам байгаа. Өмнөх Хятад компани нь ажлаа хийхгүй болохоор нь болиулаад, дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан. Саяхан шинэ компаниуд нь тодроод, ажил нь эхлэх гэж байгаа юм байна. Энэ онд суурь ажил хийгдэх байх. Ирэх жилийн он дуусахаас өмнө дуусна.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр  хажууд нь цоо шинээр барьж байгаа хоёр урсгал бий. Тэрхүү 204 км зам бол 5 багцад хуваагдан ажил нь үргэлжилж байна. Түрүүчээсээ 30 хувийн гүйцэтгэлтэй болж эхэлсэн. Энэ оны тухайд суурь ажил бүтэн хийгдээд, ирэх онд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол би нэлээн шахаж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа замын ажлаас 4-р багц бага зэрэг удаашралтай байгаа нь санаа зовоож байна.

-Энэ замыг цаг алдалгүй ашиглалтад оруулахад таныг хувь нэмрээ оруулна гэж Дарханчууд итгэж байгаа байх?

-Энэ ажил бол одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Намайг гишүүн болохоос хоёр жилийн өмнө эхэлсэн ч таг гацсан байсан. Одоо би гишүүн болоод нэг жил болж байна. Энэ хугацаанд араас нь хөөцөлдөөд, гацааг нь гаргаад, санаачлагатай ажиллаад, явж байна. Үүнийгээ хүмүүст хэлэх ёстой юм шиг байна лээ.

-Өмнөх замыг нь хуулсан явдал ихээхэн буруу шийдвэр болсон гэж олон нийт шүүмжилдэг. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Ер нь бол зохион байгуулалтын алдаа гарсан. Нэгэнт эхлээд заваарчихсан ажилтай зууралдахад олон бэрхшээл гардаг юм байна. Ямар ч гэсэн цэгцэнд нь оруулж байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.