Афганистаны дэд ерөнхийлөгч өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлажээ
Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салех өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгчөөр зарлалаа.
“Хэрэв Ерөнхийлөгч эх орноосоо зугтан гарсан, огцорсон эсвэл таалал төгссөн тохиолдолд дэд ерөнхийлөгч нь түр Ерөнхийлөгч болно гэж Афганистаны Үндсэн хуульд заасан байдаг. Би одоогоор эх орондоо байгаа бөгөөд хууль ёсны түр Ерөнхийлөгч юм. Бүх удирдагчтай зөвшилцөж, дэмжлэгийг нь авахын тулд тэдэнтэй холбоо тогтоож байна” гэж Амрулла Салех твиттер хуудсандаа бичжээ.
Тэрбээр иргэддээ хандан, талибуудын эсрэг зогсохыг уриалсан байна.
“АНУ, НАТО-гоос ялгаатай нь бид мөн чанараа алдаагүй бөгөөд ирээдүйд асар их боломжуудыг харж байна. Хий хоосон анхааруулга дууслаа. Эсэргүүцэлд нэгдээрэй" гэж Амрулла Салех онцлон тэмдэглэжээ.
Хэдэн долоо хоногийн өмнө Афганистанаас АНУ-ын цэргүүд гарахтай зэрэгцэн тус улсын байдал эрс дордож, талибууд томоохон хотууд руу дайрч эхэлсэн юм. Ням гарагт тэд Кабулыг бүрэн хяналтдаа авч, эрх мэдлийг булаан авсан бол тус улсын Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо зугтан гарсан билээ.
Афганистанд 20 жил үргэлжилсэн дайн дуусаж, засаглалын шинэ хэлбэр удахгүй тодорхой болно гэж “Талибан” хөдөлгөөний улс төрийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Наим мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.