Жолооч нарыг сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа хасахыг анхаарууллаа
![Жолооч нарыг сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа хасахыг анхаарууллаа](http://olnodo.com/media/post/2021-09/8lqrFAFBqYQx2nry9zGiNUe2sXLfquehjYv9uu2F.jpeg)
Энэ сарын 7-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 336 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 267 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 4 иргэн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн нас баржээ. Тодруулбал, өчигдөр 21:30 цагийн орчимд Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч амиа алджээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 44, орон нутагт 19 нийт 63 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Мөн хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч нарыг сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж, гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хурдыг хасч өнгөрөх, ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.