АНУ-д халдварын тархалтыг хязгаарлах удирдамжийг сунгажээ

АНУ-д халдварын тархалтыг хязгаарлах удирдамжийг сунгажээ

ВАШИНГТОН. /CNN/. COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжийг дахин 30 хоногоор сунгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар ням гаргийн орой мэдэгджээ.


Д.Трампын хоёр долоо хоногийн өмнө танилцуулсан удирдамжийн хугацаа өнөөдөр дуусах юм. Түүний мэдэгдсэнээр, нас баралтын тоо ирэх хоёр долоо хоногийн хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрэх магадлалтай байгаа тул ийнхүү сунгах шийдвэрийг гаргасан ажээ. “Та бүхэн хичээх тусам энэ хар дарсан зүүд хурдан дуусна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.


Д.Трамп өмнө нь харилцааг хязгаарласнаар эдийн засагт нөхөж баршгүй хохирол учирч байна хэмээгээд, Улаан өндөгний баяр гэхэд /дөрөвдүгээр сарын 12/ нөхцөл байдал хэвийн болно хэмээн мэдэгдэж байсан боловч бодлоо өөрчилсөн нь энэ юм. Уг удирдамжид 10-аас олон хүн нэг дор цуглахаас зайлсхийх, өндөр настай хүмүүсийг гэртээ байхыг зөвлөсөн юм.


"Америкийн олон сая иргэн коронавирусний халдвар авч, 100 мянга гаруй хүн нас барж болзошгүй" гэж халдварт өвчин судлаач, доктор Энтони Фаучи өмнө нь мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ, түүний хэлсэн өндөр тоонд итгэхгүй байна гэжээ.


АНУ-д халдвар авсан хүний тоо 140 мянга дөхөж, 2436 хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлжээ. Тус улсад халдвар авсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт БНХАУ, Италийнхийг давсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.