АНУ, БНХАУ, БНСУ болон Европоос ирсэн гадаадын иргэдийг Японд нэвтрүүлэхгүй
ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид коронавирусний халдварын тархалттай тэмцэх арга хэмжээний хүрээнд АНУ, БНХАУ, БНСУ болон Европын ихэнх орнуудаас ирсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглохоор төлөвлөж байна гэж “The Asahi Shimbun” сонин мэдээлжээ.
Үүнээс өмнө Японы талаас тавьсан хязгаарлалтын хатуу арга хэмжээ БНХАУ, БНСУ-ын халдвар хамгийн их тархсан бүс нутгуудын оршин суугчдад хамаатай байсан бол одоо тус хоёр улсын бүх бүс нутгаас ирсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Европын орнуудын хувьд Итали, Испани зэрэг тус тивийн 18 улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хориглосон байсан юм. Гэвч энэ жагсаалтыг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна, ийм шаардлагыг мөн Африкийн болон Зүүн Өмнөд Азийн зарим улсаас ирж буй гадаадын иргэдэд тавих аж.
Японд одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 2600 давж, 66 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн 700 орчим нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.