“Facebook” нэрээ “Meta” болгон өөрчиллөө
“Фейсбүүк” компани нэрээ “Мета” болгон өөрчилж, томоохон шинэчлэлүүдийг хийж байгаагаа мэдэгдлээ. Мөн тус компанийн захирал Марк Зукерберг "метаверс" буюу виртуал орчинд тоглох, ажиллах, харилцах боломжтой, “ВиАр” (VR) чихэвч ашиглан нэвтэрдэг онлайн ертөнцийг бүтээх төлөвлөгөөгөө танилцуулаад байна.
Тус компани нэрээ сольсон явдал нь “Фейсбүүк”, “Инстаграм”, “Ватс апп” зэрэг нийгмийн сүлжээнд хамаарахгүй, зөвхөн толгой компанид л хамаарах юм. “Фейсбүүк” компанийн нэрээ солих болсон гол шалтгаан нь хуучин ажилтан Фрэнсис Хаугены нийтэд задруулсан баримт бичгүүдээс үүдэлтэй. Фрэнсис Хауген “Фейсбүүк” компанийг "аюулгүй байдлаас илүү ашиг хонжоо хайсан" хэмээн буруутгаж хэд хэдэн сөрөг мэдээллийг дэлгэж байсан юм. Иймээс тус компани нийгмийн сүлжээнээс гадна виртуал салбарт хамрах хүрээгээ өргөжүүлж, ийм алхам хийж байгаагаа мэдэгдлээ. Харин Марк Зукербергийн танилцуулсан метаверсбуюу виртуал ертөнц нь цаашид хүмүүс компьютер дээрээ суугаад VR чихэвч ашиглан виртуал ертөнцөд нэвтэрч боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Виртуал ертөнцөд ажиллах, хурал цуглаан хийх, тоглоом тоглох, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ холбогдох, тоглолт зохион байгуулах гээд бараг бүхий л зүйлийг хийж болно. Цаашид “Метаверс” нь “Интернетийн ирээдүй” болно хэмээн Марк Зукерберг мэдэгдсэн бөгөөд хэрэглэгчид тус компанийн бусад үйлчилгээг ашиглахын тулд “Фейсбүүк” ашиглах шаардлагагүй болно.
Мөн “Фейсбүүк” компани алдарт “Like" гэсэн логогоо цэнхэр өнгийн “хязгааргүй” тэмдгээр сольжээ. Тус компани 12 дугаар сарын 1-нээс эхлэн “Метаверсийн” шинэ хувьцаагаа арилжаалж эхлэх юм байна. Мөн “Метаверсийн” хөгжүүлэлт дээр ажиллуулах 10000 хүнийг ажилд авна хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж : Moнголын мэдээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.