Монголын тээвэрчид Чех улс руу авто замаар анх удаа тээвэр хийв
Монголын тээвэрчид Европын холбооны Бүгд Найрамдах Чех улс руу 2021 оны 10 дугаар сарын 11-нээс авто замаар тээвэрлэлтийг анх удаа гүйцэтгээд байна.
“Монтрансавто” ХХК болон “Хар анар” ХХК-ийн дөрвөн автомашин БНХАУ-ын Эрээн хотоос дамжин өнгөрөх ачаа ачаад 2021 оны 10 дугаар сарын 23-нд Бүгд Найрамдах Чех улсад хүргэлээ.
Уг тээвэрлэлтээр маск, эмнэлгийн бээлий, тоног төхөөрөмжийг Чех улсад хүргэсэн байна. Эдгээр тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу дараалал харгалзахгүй нэвтрүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос дэмжлэг үзүүлэн ажиллав.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тусгагдсан.
Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.
Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
2021 оны 08 дугаар сарын 19-нд Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурснаар Монголын тээвэрчид хэлэлцээрийн хүрээнд нийт 12 улстай олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой боллоо.
Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс тус яамны зүгээс Европын холбооны гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож, улмаар 2011 онд Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн тунхаглаж, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.
Монгол Улсаас Европын Холбоонд экспортлож буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, хивс, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт, үнэт металл, монгол гэр багтдаг.
Харин Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, шоколад, цай, лаазалсан ногоо, жимс, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн голчлон импортолж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.