О.Тулга эмч шүүгчийн шийдвэрээр тэмцээнээ өндөрлүүллээ
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний 5 дахь өдөр манай улсын 3 боксчин тулаанаа хийлээ.
60 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь тулаанаа хийлээ. Тэрбээр Финландын тамирчин Хатаевтай тулалдсан юм. Тулааны 3 дугаар үед манай тамирчны хөмсөг задарч улмаар эмч шүүгч тоглолтыг зогсоож Финландын тамирчин ялалт авлаа.
Тулааны явцад хөмсөг задарч эмч шүүгч тулааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн учир хажуугийн шүүгчдийн оноог тооцолгүйгээр шууд ялалтыг эсрэг тамирчинд өгдөг дүрмээр энэхүү тоглолт шийдэгдсэн юм. Ингэснээр спортын мастер О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлж байна.
Мөн баасан гарагт 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин Э.Баярсайхан Тайландын боксчин Фатипантай тулалдаж, 5-0-оор ялалт байгууллаа. Тэрбээр дараагийн тулаанаа Барбадос улсын тамирчин Брэдли Жабалитай энэ сарын 31 ны өдөр хийнэ.
Тэмцээний 5 дахь өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Хилчин спорт хорооны тамирчин О.Бямба-Эрдэнэ эхний тулаанаа хийлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд байсан юм. Улмаар 16-д шалгарахын төлөө Тайландын тамирчин Пирафаттай тулалдаж 5-0-оор яллаа. О.Бямба-Эрдэнэ дараагийн тулаанаа 10 дугаар сарын 31-ны өдөр ОХУ-ын тамирчин Вадим Мусаевийн эсрэг хийнэ.
Өнөөдөр манай улсаас ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Мишээлт нар тулаанаа хийнэ гэж MNB спорт сувгийн сэтгүүлч О. Баянмөнх Сербийн Белград хотоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.