“Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс үүссэн хохирлыг төр хариуцахгүй”

“Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс үүссэн хохирлыг төр хариуцахгүй”

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар  хийж, Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хорооноос хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан болохыг тэрбээр танилцуулсан. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой журмыг батлах; Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж хүргүүлэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээллийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар шуурхай явуулах нөхцөлөөр хангах; Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд төрөөс өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй зэрэг саналууд бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар төслийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх заалтын “Хорооноос” гэсний дараа “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор” гэж нэмэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах үйлдэл ихээр гарч байгааг харгалзан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд тусгах, хуулийн төсөлд туссан өөрчлөлттэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд тусгасан зөрчлийн шинжийг өөрчлөлтөд нийцүүлж, зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тодорхой заах зэрэг бусад хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг боловсруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав. Э.Батшугар гишүүн, төсөл дээр блокчейн технологи дээр олборлолт хийх үйлчилгээг тусгах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн юм. Мөн виртуаль хөрөнгийг дамжуулах, аливаа нэг валют руу хөрвүүлэх дэд бүтцийг анхаарах, боломжуудыг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагад нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төслийн 6.2-т виртуаль хөрөнгийг аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэхийг хориглосон нь оновчгүй зохицуулалт гэдэг саналыг хэлэв.

Ийнхүү гишүүд Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 34 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ 2021-11-18

Шинжилгээгээр коронавируст халдварын 777 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-18

Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг батллаа 2021-11-18

Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан допингийн зөрчил гаргасанд тооцов 2021-11-18

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо 2021-11-18

“Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс үүссэн хохирлыг төр хариуцахгүй” 2021-11-18

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт 286.4 тэрбум төгрөг олгоно 2021-11-19

Өнөөдөр олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна 2021-11-19

Коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлэг эхэллээ 2021-11-19

Шинжилгээгээр коронавируст халдварын 595 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-19

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум боллоо 2021-11-19