Ковид19 халдварын дараа цус өтгөрснөөр зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлтэй

Ковид19 халдварын дараа цус өтгөрснөөр зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлтэй

Ковид19 халдвар аваад эдгэсэн тохиолдолд зүрх, судсанд ямар өөрчлөлт гарах талаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Ц.Бямба-Очиртой ярилцлаа.

Коронавирусийн халдвар авсаны дараа цус өтгөрч улмаар зүрх өвдөх, шигдээс тусах боломжтой юу? 

Ковид19 халдвар аваад эдгэрсэн иргэдийн дунд зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Энэ нь зүрхэнд хүчилтөрөгчийн дутагдал, хордлого, цус өтгөрөх, антиоксидант тогтолцооны алдагдлаас үүдэн илэрч байгаа шинж тэмдэг юм. Халдварын дараа зургаан сарын хугацаанд зүрхний булчингийн үрэвсэл, шигдээс, үнхэлцгээр шингэн хурах, бөглөрөх хам шинж илэрч байна. Тиймээс ковид19 өвчнөөр өвчлөөд эдгэрсний дараа дээрх шинж тэмдгүүд илэрч байвал заавал эмчид хандах шаардлагатай.

Ер нь цус өтгөрөх, цусны зуурамтгай чанар ихсэх, ялтас эсийн тоо нэмэгдэх зэрэг нь судсан доторх бүлэн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй гэсэн үг. Халдварын эмчилгээний үед эмийн багцад цус шингэлэх эм багтдаг. Мөн тан бэлдмэлд хүртэл бага хэмжээгээр цус шингэлэх үйлчилгээ бий. Тэгэхээр халдвараас эдгэрсний дараа гэнэт цус бүлэгнэж хатууран зүрхэнд ачаалал өгч байгаа гэж хэлж болно.

Тэгвэл цус шингэлэх эмийг заавал нэмэлтээр уух шаардлагатай юу? Ер нь цус шингэлэх эмийг ямар тунтай хэр удаан хугацаанд уух вэ?

Ковидийн дараах хам шинжийн үед аспирин 81, курантил зэрэг эмүүдийг 1-2 сарын хугацаанд өдрийн нэгээр ууж хэрэглэнэ. Ойр давтамжтай хамар буйлнаас цус гарвал дээрх эмүүдийг зогсоож болно.

Иргэдийн дунд ковид туссаны дараа заавал уушгины зураг авахуулах хэрэгтэй гэсэн ойлголт тогтсон. Тэгвэл зүрх судасны оношилгоонд ч мөн адил хамрагдах хэрэгтэй гэж ойлгох уу?

Ковидийн урт хугацааны хам шинж хэдэн долоо хоног үргэлжлэх боломжтой. Бүх л эрхтэнд сөрөг нөлөө үзүүлж байна. Хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа эрхтэн гэвэл уушги, тархи, зүрх судас. Тиймээс зүрх өвдөх шинж тэмдэг илэрч байвал цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, зовуурь их үед цахилгаан бичлэг, зүрхний хэт авиа шинжилгээ хийлгэж болно. Мөн зүрх судасны мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.