БНСУ-ын “BTS” хамтлагийн гурван гишүүн коронавирусээр халдварлажээ
БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хөвгүүдийн хамтлагийн гурван гишүүн хилийн чанадаас ирснийхээ дараа коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, хамтлагийн гишүүн Шюгагийн шинжилгээний хариу баасан гарагт, “RM”, Жин нарын шинжилгээний хариу бямба гаргийн орой эерэг гарсан гэж “Big Hit” агентлаг мэдээлсэн байна. Тэд наймдугаар сард вакцины хоёр дахь тунд хамрагдсан байжээ.
“BTS” нь долоон гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. “Big Hit” агентлагийн мэдээлснээр, “RM”-д халдварын шинж тэмдэг илрэхгүй байгаа бол Жинд бага зэрэг халуурах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд гэртээ эмчлүүлж байгаа аж. Шюгагийн хувьд шинж тэмдэг илрээгүй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын удирдамжийн дагуу гэртээ байгаа талаар тус агентлаг баасан гарагт мэдээлээд байсан юм.
“Big Hit”-ийн зүгээс хамтлагийн гишүүдийг хурдан эдгэрэхэд нь зориулан шаардлагатай тусламжийг үргэлжүүлэн үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын удирдамж, хүсэлтийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлжээ.
“BTS” хамтлаг нь 2013 оноос урлагийн гараагаа эхлүүлснээсээ хойш өөрсдийн уран бүтээл, идэвх чармайлтаараа дэлхий нийтэд танигдаж, НҮБ-ын чуулганд үг хэлж, азиудыг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн байна.
Тэд энэ оны 11 дүгээр сард “American Music Awards” хөгжмийн наадмын оны шилдэг уран бүтээлч, шилдэг хамтлагаар тодорсноос гадна “Butter” дуу нь олны таашаалд нийцсэн поп дуугаар шалгарсан юм. Мөн 10 дугаар сард Их Британийн “Coldplay” рок хамтлагтай хамтран туурвисан “My Universe” дуу нь “Billboard”-ын шилдэг 100 дууны нэгдүгээрт шалгарсан юм. Энэ нь “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн “BTS”-ийн зургаа дахь дуу болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.