Манайхан назгайрч эхэлжээ, АМНЫ ХААЛТГҮЙ хүн олширлоо
Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавирусний халдварын 12 тохиолдлын хоёр нь бүрэн эдгэрсэн сайхан мэдээг эмч нар дуулгалаа. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд гаднын улс орноос зөөвөрлөгдөж ирсэн ч энэ тахал нэг л удаа хэн нэгний болгоомжгүй байдлаас болж тархвал гуравхан сая монголчуудад айхтар аюул учруулна гэдгийг Европын зарим нэг орнуудын жишээнээс харж болно.
2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар,
- АНУ-д халдварын тохиолдол 140 мянгад хүрч, 2400 гаруй хүн нас барсан.
- Итали улсад Ням гарагт 756 нас баралт бүртгэгдсэн байна.
- Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн байна.
- Франц улсад халдварын шинэ тохиолдол 2600 орчим бүртгэгдэж, 292 хүн халдварын улмаас нас баржээ.
Цар тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусний халдвар хамгийн анх бүртгэгдсэнээс хойш 80 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам гээд чиг үүргийн бусад байгууллагууд хөл хорио тогтоох, гадны орноос иргэдээ татан авах, ариутгал халдваргүйтгэл хийх, өдөр бүр зөвлөмж мэдээлэл өгөх гээд урьдчилан сэргийлэх боломжит бүхий л ажлыг хийсээр байна.
“Маскаа зүү, гараа угаа, онц шаардлагагүй бол гэрээсээ битгий гар” гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр өгч байгаа ч иргэдийн анхаарал болгоомж суларсан уу гэлтэй гадуур хүүхдээ дагуулан зугаалсан, бөөнөөрөө цугларсан, маск зүүгээгүй хүмүүс олшрох боллоо. Иргэдийн сонор сэрэмж, анхаарал болгоомж өдрөөс өдөрт буурч байна гэж бидэнд санаа зовсон Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын алба хаагчид яг л аав, ээж шиг үглэнэ. Харин иргэд үгэнд ордоггүй хүүхэд шиг гадуур хээв нэг сэлгүүцнэ.
Иргэдийн анхаарал болгоомж суларсан гэдгийг батлах хэдэн жишээг татъя.
- 2020 оны гуравдугаар сарын 27-нд Баянгол дүүрэгт байрлах бүжгийн клуб 200 хүнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байв. /Эх сурвалж: НМХГ/
- Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн “Стрийт 88” ресторанд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. /Эх сурвалж: МХЕГ/
- Тусгаарлалтаас гарсан иргэн гэртээ 2-3 хоног архидан согтуурсан талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэв.
Хүүхдүүдээ “гадаа тогло” гээд маскгүй гаргачихдаг хэнэггүй эцэг, эхчүүд нэг хоёр биш нэлээд байгааг албаныхан анхааруулж байна. Энэ бол хүүхдийн амралт биш ХӨЛ ХОРИО. Үүнийг хэзээ ойлгох вэ. Хээгүй монголчуудыг цар тахал тойрохгүй, дайраад гарна.
Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл олон тахал, ханиадны ард гарсан. Хамгийн гол хамгаалалт байж чадсан арга бол хөл хорио. Бас дахин хөл хорио. Вирусний өвчлөлийг тогтоон барих, түүнээс сэргийлж чадах ганцхан арга бол хөл хорио. Иргэд анхаарал болгоомжоо сайжруулж, хөл хорионы нөхцөлд хэдхэн сар дасан зохицвол энэ нь аврал болно. Хэрвээ гарах шаардлагатай амны хаалтаа зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.