Унгарын парламент В.Орбаны эрх мэдлийг өргөжүүлэх хуулийн төслийг баталлаа

Унгарын парламент В.Орбаны эрх мэдлийг өргөжүүлэх хуулийн төслийг баталлаа

БУДАПЕШТ. /DW/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны эрх мэдлийг өргөжүүлэх хуулийн төслийг тус улсын парламент даваа гарагт баталсан байна.


В.Орбаны мэдэгдсэнээр, уг шийдвэр нь коронавирусний тархалттай тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой ажээ. Мөн тэрбээр халдварын тархалттай холбогдуулан тусгай тогтоолууд батлах эрхийг Засгийн газарт олгох онцгой байдлын хугацааг сунгах хүсэлт гаргажээ.


Хууль тогтоогчид 137-52 саналын харьцаагаар уг хуулийн төслийг баталсан бөгөөд парламентэд В.Орбаны “Fidesz” нам дийлэнхийн суудал эзэлдэг юм. Энэхүү баримт бичиг нь улс даяар тогтоосон онцгой байдлыг хязгааргүйгээр сунгаж, зарлигаар удирдах бүрэн эрхийг Засгийн газарт олгох ажээ. Ердийн үед онцгой байдлыг парламентын зөвшөөрлөөр сунгадаг байна.


Мөн халдварын талаар болон үүнтэй холбогдуулан хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдийн талаар “худал мэдээлэл” тараасан хүмүүст тав хүртэлх жилийн хорих ял ногдуулах тухай уг баримт бичигт тусгасан нь Унгар дахь хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөнджээ.


Унгарт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа уг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа тус улсын сөрөг хүчний улс төрчид, хүний эрхийг хамгаалах бүлгүүд, Европын хүний эрхийг хамгаалах байгууллага илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.