Японы БХЯ цахилгаан соронзон их буу бүтээхээр төлөвлөж байна.

Японы БХЯ цахилгаан соронзон их буу бүтээхээр төлөвлөж байна.

Японы Батлан хамгаалах яам дуунаас хэт хурдан пуужинг эсэргүүцэх чадалтай цахилгаан соронзон их буу бүтээхээр төлөвлөж байна.

Энэ нь соронзон орныг ашиглан сумыг хурдасгадаг "railgun" хэмээх технологи ажээ. Энэ тохиолдолд хөөргөх хурд нь тооцооллын дагуу 2300 м/с орчим байж болох бөгөөд энэ нь ердийн харвагч төхөөрөмжтэй харьцуулахад 600 м/с-ээр илүү хурдан байна. Энэ хурд нь мөн дуунаас хурдан пуужингийнхаас ч өндөр бөгөөд цахилгаан соронзон их бууг хамгаалалтын хангалттай үр дүнтэй хэрэгсэл болгох гэнэ.

Гэсэн хэдий ч одоо "railgun"-ыг нэг ч улсад албан ёсоор ашигладаггүй. Тэдгээрийг бүтээхдээ хэд хэдэн параметрүүдийг анхаарч үзэх хэрэгтэй, ялангуяа харвагч төхөөрөмжийн доторх соронзон орныг хүчтэй болгохын тулд чиглүүлэгчийн байршлыг сайтар бодож, цахилгаан гүйдлийг амархан дамжуулдаг бат бөх металлыг сонгох хэрэгтэй байдаг аж.

Японы эрх баригчид цахилгаан соронзон их бууг энэ арван жилийн хоёрдугаар хагаст бүтээж дуусгахаар төлөвлөж байна. 2030 он гэхэд энэ төрлийн зэвсэг нь тус улсын пуужингаас хамгаалах одоогийн системийг бэхжүүлэх ёстой. Үүнээс гадна, тус улс алсын тусгалтай пуужингуудыг зэвсэглэлдээ хүлээн авч, дуунаас хурдан пуужинг хөөргөх мөч, нислэгийн замыг тодорхойлох чадвартай тагнуулын хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд Япон улс батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх болсон нь хөрш орнуудынх нь шүүмжлэлд өртөх болсон юм. Улсын төсвийн төсөлд нь тусгаснаар, 2022 оны дөрөвдүгээр сард эхлэх ирэх жилийн санхүүгийн төсөвт батлан хамгаалах салбарын санхүүжилтийг энэ оныхоос 50 орчим тэрбум иенээр нэмэгдүүлж, 5.37 их наяд иен (одоогийн ханшаар 46.9 тэрбум ам.доллар) болгох бөгөөд энэ нь хамгийн дээд үзүүлэлт болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.