Казахстан улсын нөхцөл байдлыг гаднаас халдан довтолсон гэж дүгнэжээ
Нур-Султанаас хүлээж авсан хүсэлтэд тус улсын нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлийн дайралт гэж үзэж байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) нарийн бичгийн дарга нарын газрын Казахстан дахь нөхцөл байдлын талаарх тайлбарт дурджээ.
“ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны талаас тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авснаа баталж байна. Энэхүү хүсэлтэд үүсээд буй нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлүүдийн халдлага гэж үзэж байна” гэж тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.
Казахстаны эрх баригчид ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөж, тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нараас цэргийн тусламж үзүүлэхийг хүсжээ.
“ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлөөс Казахстан улсын байдлыг тогтворжуулах, хэвийн болгох үүднээс ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг тус улсад тодорхой хугацаагаар илгээх шийдвэр гаргалаа" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Казахстанд шинэ оны эхний өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Нефть олборлодог Мангистау мужийн Жанаозен, Актау хотын оршин суугчид автомашины түлшинд хэрэглэдэг шингэрүүлсэн нефтийн хийн үнийг хоёр дахин нэмснийг эсэргүүцэн жагссан байна.
Нэгдүгээр сарын 4-ний өдөр эрх баригчид жагсагчдын гол шаардлага болох хийн үнийг бууруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.
Нэгдүгээр сарын 5-ны өглөө Токаев Засгийн газрыг огцруулж, зургаан сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнэд төрийн зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Тэрбээр мөн Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдаж байсан Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж, нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулжээ.
Үймээний улмаас хүчнийхэн гэмтэж бэртэж, амиа алдсан тул Токаев зөрчил гаргагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авна гэж жагсагчдад анхааруулсан байна.
Казахстаны янз бүрийн бүс нутгуудад гарсан үймээний улмаас найман цагдаагийн ажилтан болон Үндэсний гвардийн цэрэг амь үрэгдсэн гэж Tengrinews.kz цахим хуудас тус улсын Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлжээ.
Эмх замбараагүй байдал улам даамжирсантай холбоотойгоор улс даяар онц байдал зарласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.