АНУ амны хаалт зүүх журмыг сулруулах удирдамжаа танилцуулжээ.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн түвшнийг харгалзан амны хаалт зүүх журмыг сулруулах удирдамжаа танилцуулжээ.
Энэхүү шинэ удирдамжид “COVID-19”-ийн өвчлөлийн улмаас эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй бүсийн оршин суугчдад битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөнө хэмээн тусгажээ. Ингэснээр америкчуудын 70 гаруй хувь нь амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа ажээ.
“Хүн амын дийлэнх хэсэгт дархлаа тогтсон тул халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл ерөнхийдөө бага байна. Энэхүү шинэчлэгдсэн журам нь бидний урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах, эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хэтрэхээс сэргийлэхэд түлхүү анхаарах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валеньский сэтгүүлчдэд мэдээлжээ.
Иргэдийн хувьд амны хаалт зүүх шаардлагатай эсэхээ Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаснаас өөрсдийн оршин сууж буй тойргийхоо мэдээллийг авснаар мэдэх боломжтой байна. Тодруулбал, өнгөөр ангилах системийн дагуу ногоон тойрогт оршин сууж буй иргэд амны хаалт зүүх шаардлагагүй бол шар тойргийн оршин суугчид амны хаалт зүүх эсэх талаараа эмчтэйгээ зөвлөлдөнө. Харин улаан тойрогт амьдарч буй хүмүүс битүү орчинд амны хаалт зүүх шаардлагатай байна.
Шинэ удирдамжийн дагуу 100 мянган оршин суугч тутамд дунджаар илрэх шинэ тохиолдлын тоо 200-гаас буурсан, сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 10-аас цөөн тохиолдол бүртгэгдсэн, халдвар авсан өвчтөнүүд эмнэлгийн орны 10-аас бага хувийг эзэлж байгаа тохиолдолд амны хаалт зүүхийг зөвлөхгүй ажээ. Харин эсрэгээрээ 100 мянган оршин суугч тутамд 200-гаас дээш тохиолдол илэрсэн, сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 10-аас хэтэрсэн, эмнэлгийн орны 10-аас дээш хувийг халдвар авсан өвчтөнүүд эзэлж байгаа тохиолдолд амны хаалт зүүхийг зөвлөх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.