2020 оны эхний улиралд хөрөнгийн биржүүд түүхэн алдагдалд орлоо
2020 оны эхний улиралд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд түүхэн гэж хэлж болох алдагдалд ороод байна. Энэ хооронд эдийн засагчид дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 2.8 хувиар агшиж магадгүй байгааг анхаарууллаа. Шинэ коронавирусний дэгдэлт олон улсын санхүү болон эдийн засгийн салбарт ийнхүү хүндхэн цохилтыг үзүүлж байна.
2020 оны 1-р сараас 03-р сарын хооронд Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones”-23 хувиар буурсан бол Лондонгийн FTSE-ийн алдагдал 25 хувьд хүрчээ. Дээрх хоёр үнэт цаасны зах зээл 1987 оноо хойш ийм огцом уналтад орж байсан тохиолдол байхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Энэ хооронд Америкийн тэргүүлэх 500 компанийн хувьцаа байршдаг S&P 500 индекс энэ жилийн эхний улиралд 20 хувиар буурсан нь 2008 оноос хойш ажиглагдаж байгаагүй уналт юм. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоох арга хэмжээгээ авч байгаа, үйлдвэр үйлчилгээний газрууд хаагдаж, худалдааны эргэлт татарч, хөрөнгө оруулалт эрс удааширч байгаагаас үүдэн хөрөнгийн биржүүд ийнхүү алдагдал хүлээж байна.
Үүнээс гадна 2020 онд дэлхийн эдийн засгийн агшилт 2.8 хувьд хүрэх буюу 2009 оны санхүүгийн хямралаас ч их байхаар байгааг анхааруулжээ. 2009 оны хямралын үеэр дэлхийн эдийн засгийн өсөлт 1.7 хувиар хумигдаж байсан юм.
сурвалж:http://www.mnb.mn/i/204503?fbclid=IwAR3XN9WPo0-8JborOMiw7NcLxTFSLdHtIkMqCG4Gpb23iGVkf4um1oorhqs
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.