БНСУ цөмийн зэвсгийн асуудлаар БНАСАУ-д анхаарууллаа

БНСУ цөмийн зэвсгийн асуудлаар БНАСАУ-д анхаарууллаа

Умард Солонгосын дэглэм цөмийн зэвсэг хэрэглэхийг санаархсанаараа “өөрөө өөрийгөө сүйрүүлэх болно” гэж Өмнөдийн тал анхаарууллаа.

Пхеньян өнгөрөгч 7 хоногт, цөмийн зэвсэг хэрэглэх журмыг баталгаажуулсан хууль баталсантай холбогдуулж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас ийм мэдэгдэл хийжээ. Солонгосын хойгт түгшүүртэй байдлыг дэвэргэхгүй байх үүднээс Пхеньян руу хандсан эрс мэдэгдэл хийхээс голдуу түдгэлзэж ирсэн Сөүлийн энэ анхааруулга тэхдээ, Умардыг улам хилэгнүүлж мэдэхийг ажиглагчид тэмдэглэж байна.

Умард Солонгосын баталсан хууль цөмийн зэвсгийн нөөцтэй гэдгээ нийтэд ил зарлах, ингэснээрээ үй олноор хөнөөх зэвсгээ хураалгах санаагүй гэдгээ нотлон харуулах зорилго агуулсан гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ. Ийм хууль баталснаар Пхеньяны олон улсаас тусгаарлагдмал байдлыг улам даамжруулж, Сөүл болоод Вашингтоныг эрс алхам хэрэгжүүлэхээс аргагүй болгоно гэж Өмнөдийн батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч мөн анхааруулжээ.

Өнгөрөгч 7 хоногт Умардын парламент буюу Ардын Дээд хурлаас баталсан шинэ хуулиар, төрийн дээд эрх баригчид нь халдлагад өртөх аль эсвэл улс ард түмэнд нь гарцаагүй аюул нүүрлэлээ гэж үзэх нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэх Пхеньяны эрхийг баталгаажуулсан гэж төрийн төв хэвлэл нь мэдээлсэн.

Цөмийн зэвсэг ашиглах хууль зүйн үндэслэл нөхцөлүүдийг нэлээд хийсвэрхэн маягаар томьёолсон энэ хуулийг баталсан нь Умард Солонгос өөрт нь дайсагнадаг гэж үздэг улсуудаа айлгаж, бас цөмийн зэвсэгтэй нь холбоотой удаан үргэлжилж байгаа дипломатын маргаанд тэднээр буулт хийлгэх зорилготой гэж шинжээчид дүгнэж байна.

Өнгөрөгч баасан гарагт болсон парламентын хуралдаан дээр Умардын удирдагч Ким Жон Ун улс ард түмнийх нь эсрэг шахалт дарамт хэчнээн удаан хугацаанд үргэлжлэх байлаа ч өөрсдийгөө хамгаалах эрхээсээ буюу цөмийн зэвсгээс татгалзахгүй гэдгийг цохон мэдэгдсэн юм.

Өнгөрөгч 5 дугаар сард албаа хүлээж авсан Ерөнхийлөгч Юн Сок Ёль тэргүүтэй өмнөдийн консерватив засгийн газар Умардын өдөөн хатгалгын эсрэг нэлээд хатуу чиг бодлого баримтлахаа мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ Пхеньяныг цөмийн зэвсгээсээ татгалзах нөхцөлд эдийн засгийн өргөн хүрээтэй дэмжлэг тусламж үзүүлэх төлөвлөгөө санал болгосон боловч Умардын талаас үүнийг нь эрс няцаасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.