БНСУ-ын "Samsung" группийн албан ёсны ерөнхийлөгч И ЖЭ ЁН боллоо
Самсунг группийн өв залгамжлагч И Жэ Ёныг өнөөдөр тус группийн ерөнхийлөгчийн албан тушаалд томилжээ.
Өнөөдөр өглөө болсон Самсунг Электрониксийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас ийм шийдвэр гаргасан байна.
Үүнээс өмнө энэ албан тушаалыг И Жэ Ёны өвөө болон аав нар л хашиж байсан бол тэр гурав дахь ерөнхийлөгч болжээ. Өөрөөр хэлбэл Самсунг группийн удирдлага үүсгэн байгуулагчийнхаа гурав дахь үед шилжиж байна.
Самсунг группийг түүний өвөө И Бюн Чул 1938 онд үүсгэн байгуулж байв. Худалдааны бизнесээс эхэлсэн Самсунг өнөөдөр Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн бүлэглэл, дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч болоод байна.
1987-2020 онд И Жэ Ёны аав И Күн Хэ группийн ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Гэхдээ 2014 онд И Күн Хэгийн эрүүл мэнд муудаж, хэвтэрт орсноос хойш группийг албан бусаар түүний хүү И Жэ Ён удирдаж байсан юм.
И Күн Хэ 2020 оны аравдугаар сард таалал төгсөж байжээ.
54 настай И Жэ Ёны хувьд авлигын хэргээр шоронд хоригдож байгаад энэ оны наймдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан.
Тэрбээр групп доторх эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгсөн хэрэгт буруутгагдсан юм. Өмнөд Солонгосын засгийн газрын тэтгэврийн сан Самсунгийн хамгийн том хувь эзэмшигч тул шийдвэр гаргахад улсын ерөнхийлөгчийн нөлөө чухал байжээ.
Дэлхийг хамарсан эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргахад Самсунг группийн үүрэг оролцоо чухал гэсэн үндэслэлээр И Жэ Ёнд өршөөл үзүүлснээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албанаас тухайн үед тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.