БНСУ-ын Ерөнхийлөгч орон даяар гашуудал зарлажээ

БНСУ-ын Ерөнхийлөгч орон даяар гашуудал зарлажээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод Сүнсний баяр тэмдэглэж байх үеэр үүссэн шахцалдааны улмаас 149 хүн амиа алдсан харамсалтай явдал гарсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл орон даяар гашуудал зарлалаа. 

Өнгөрсөн шөнө Итэвон дүүргийн нарийн гудамжинд үүссэн шахцалдааны улмаас олон хүн амиа алдсаны дийлэнх нь 20 гаруй насны залуучууд байжээ.

Юн Сок Ёл ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, “туйлын харамсалтай явдал болсныг цохон тэмдэглээд, бямба гарагт тохиосон шиг ийм эмгэнэлтэй явдал дахин хэзээ ч бүү гараасай” гэж мэдэгдсэн байна.

“Ард түмний амь нас, аюулгүй байдлыг хариуцдаг ерөнхийлөгчийн хувьд миний зүрх сэтгэл шимширч, эмгэнэн гашуудаж байна. Засгийн газар өнөөдрөөс эхлэн болсон хэрэг явдлыг бүрэн хяналтдаа авах хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлаж, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг эн тэргүүнд тавина” гэж хэлжээ.

Мөн Юн Сок Ёл нас барагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэнээс гадна Засгийн газар оршуулгад бэлдэх ажилд дэмжлэг үзүүлж, өвчтөнүүдийг эмчлэхэд яаралтай тусламжийн үйлчилгээг бүрэн дайчлах болно гэдгийг нэмж хэлсэн байна.

“Ослын шалтгааныг тогтоох, түүнтэй төстэй ослоос урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Иймд бид ослын шалтгааныг сайтар судалж, цаашид ийм төрлийн осол гаргахгүйн тулд зарчмын хувьд сайжруулах алхмуудыг хийнэ” гэж тэрбээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ.

Өнөө өглөөний 9:00 цагийн байдлаар, шахцалдааны улмаас амиа алдагсдын тоо 151-д хүрсний 19 нь гадаадын иргэд байгаагаас гадна 82 хүн гэмтэж бэртсэний 19 нь хүнд бэртэл авсан гэж холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн 97 нь эмэгтэй, 54 нь эрэгтэй хүмүүс байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.