БНСУ-г мөрөөдсөн Орос бүсгүйн шарилыг нутаг руу нь явуулна
ХОЙД КЁНГИ МУЖИЙН НЭГЭН ИХ СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР:
“Би К-попд үнэн зүрхнээсээ хайртай. Тиймээс би Солонгос улсад дурласан, коллежоо төгсөөд, ажил олж хийнэ. Бүх насаараа БНСУ-д суурьшин амьдрах болно” гэх бичиг бүхий цаас тавьсан ширээний хэсэгт олон лаа асааж, цагаан цэцэгс тавьжээ. Лааны шаргал туяанд БНСУ-ын алдар цуутай хамтлаг, дуучдын зураг харагдана. Тэр үнэхээр к-попын үнэнч шүтэн бишрэгч байлаа...
БНСУ-ын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт хэргийн хохирогч орос бүсгүй “А”. Тэрээр Хойд Кёнги мужийн нэгэн сургуульд суралцахаар 2021 оны зургаадугаар сард иржээ. Солонгос хэл сайн мэдэхгүй ч, шүтэн биширдэг к-поп одуудынхаа амьдардаг газар ирэх нь түүний туйлын хүсэл байв. Ар гэрийн амьдрал сайнгүй ч, өдөр бүр хөдөлмөрлөж, мөнгө цуглуулан, арай хийн онгоцны тасалбараа аван БНСУ-ыг зорин иржээ.
Өмнөд Солонгост ирсэн даруйдаа “Олон улсын хэлний институт”-ын солонгос хэлний курст элсэн орсон байна. Хайртай улс орныхоо хэлийг маш чадамгай бөгөөд хурдан сурч байсан тэрээр хоёр жил суралцах учиртай курсийнхээ хичээлийг шахан үзэж, цааш өөр мэргэжлээр лавшруулан суралцахаар шийдсэн байжээ. Тэр ирэх оны гуравдугаар сард “Визуал дизайн”-ы чиглэлээр суралцахаар төлөвлөсөн байв. БНСУ дахь богинохон амьдрал нь Орос бүсгүйн хувьд мөрөөдөл байсан аж.
Гэвч аравдугаар сарын 29-ний шөнө түүний үхлийн талаарх муу мэдээ, суралцаж байсан сургуулийнх нь багшид хамгийн түрүүнд ирсэн байна. Тэр энэ өдөр дотуур байрны найзуудын хамт халлоуины баяр тэмдэглэхээр Итэвоныг зорьсон байсан юм.
Орос бүсгүйтэй хамт явсан найзуудынх нь яриагаар тэрээр олны хөлд дарагдан унаж, ухаан алдсан бөгөөд сэрж чадалгүй байсаар амьсгал хураажээ. Түүнийг аврахын тулд эмч, мэргэжилтнүүд чадах бүх зүйлээ хийсэн гэж найзууд нь ярьсан байна.
Түүний найзууд амьдарч байсан дотуур байрных нь өрөөнд хүндэтгэлийн хэсэг засав. Тэнд Солонгост амьдрах мөрөөдлөө биелүүлж чадаагүй орос бүсгүйд зориулсан К-поп оддын зурагт хуудас, эд хэрэглэл дүүрэн байх аж.
“А” бүсгүйгээс гадна тус дотуур байранд амьдарч байсан хоёр ч оюутан Итэвоны гамшигаас болж амиа алджээ. Тэдний төлөө сургууль даяараа гашуудан уйлж байна.
Талийгаачийн цогцсыг ослын дараахан “Ёнгин” дахь оршуулгын газарт түр байрлуулж байсан бол өнөөдөр /2022.11.01/ Уйжонбу дахь “Эүлжи” эмнэлгийн оршуулгын газарт шилжүүлсэн байна.
БНСУ-ын ГХЯ, ОХУ-ын Элчин сайдын яамтай зөвшилцөн орос бүсгүйн шарилыг эх орон руу нь илгээхээр төлөвлөж байгаа ажээ.
Бүх амьдралаараа БНСУ-г мөрөөдсөн бүсгүй эцсийн амьсгалаа энэ улсад өргөжээ. Бие нь нутаг буцсан ч, сүнс нь энд үүрд үлдлээ...
Эх сурвалж: Yonhap agency
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.