Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг
УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, шинэ реформыг дэмжсэн УИХ-д талархал илэрхийлж байна. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхайг тойрсон далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж, системийн авлигыг бүхэлд нь халах Засгийн газраас дэвшүүлсэн "5Ш "ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарч эхлээд байна. Нэг үгээр авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч эхэлж байна" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо.
Түүнчлэн "Эдийн засгийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоонд хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ хэлбэлзэж байгааг тоохгүй орхиж болохгүй. Өртэй хүн өөдөлдөггүй. Улсынхаа нэрээр зээл авч, өөрсдөө хувааж идэж, Өршөөлийн хуулийг баталсан гашуун түүхийг та бид мартаж бас давтаж болохгүй. МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж байна. Цаашид эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх ёстой" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.