7 ХОНОГИЙН ТОЙМ: Халдвартай 2 иргэн эдгэрч, Төв талбайн бүтээн байгуулалт шүүмжлэл дагууллаа

 7 ХОНОГИЙН ТОЙМ: Халдвартай 2 иргэн эдгэрч, Төв талбайн бүтээн байгуулалт шүүмжлэл дагууллаа

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

COVID 19 ХАЛДВАРТАЙ ХОЁР ИРГЭН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ДАХИН ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ

Дэлхий дахиныг түгшээж буй шинэ коронавирусийн халдварын тоо нэг саяыг давсан долоо хоног Монголчуудын хувьд сайн болон саар мэдээг зэрэг дагууллаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд коронавируст халдварын улмаас эмчлэгдэж байгаа 12 хүний хоёр нь эдгэрч эмнэлгээр гарах болсон талаар мэдээ Монголчуудын магнайг тэнийлгэсэн.

Гэхдээ хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан ч дахин хоёр хүн шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсний хоёроос нь коронавирус илэрсэн. Онгоцоор ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн болохыг албаныхан мэдээлэв. Иргэдийн дунд гаднын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хэр нь яагаад гуравдугаар сарын 28-нд гаднын иргэн ирсэн талаар асуулт гарч ирсэн. Тэгвэл тус хоёр иргэн Монголын онгоцоор ирээгүй, Солонгосын онгоцоор ирсэн бөгөөд тухайн хоёр иргэн Монгол дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтны гэр бүл юм байна. Монгол Улсад байрлах дипломат төлөөлөгчийн газрын ажилтан болон түүний гэр бүл, Монгол Улсад байрлан, амьдрах эрхтэй гадаадын иргэдэд гаднын иргэн нэвтрүүлэхгүй байх журам үйлчлэхгүй болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм.

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 12 батлагдсан тохиолдол эмчлэгдэж, 2460 хүн ажиглалтад байгаа болохыг ЭМЯ-наас мэдээлэв.

ТӨВ ТАЛБАЙН УРД БАЙГУУЛАХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОЙРСОН МАРГААН

Шинэ коронавирусийн халдварын хажуугаар иргэдийг бухимдуулах нэг асуудал гарсан нь Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт. Дөрөвдүгээр сарын 1-нээс хашаа хатган эхэлсэн бүтээн байгуулалтын ажил иргэдийн шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулав. Нийтдээ 3.2 тэрбум төгрөгийн өртөгөөр хоёр сарын хугацаанд байгуулах бүтээн байгуулалтын үр дүнд 85 метр урт, 14 метр өргөн аялгуут усан оргилуур болон хоёр нийтийн ариун цэврийн газар, олон улсын стандартыг хангасан, орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн бий болно гэдгийг нийслэлээс мэдэгдсэн.

Гэвч гурван сарын хугацаатай ажиллах усан оргилуураас илүү өөр зүйлд энэ зүйлийг зарцуулах нь зүйтэй гэсэн санал, шаардлагыг иргэд, улс төрийн намууд гаргасан. Харин үүний хариуд Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд нийтэд зарлан зураг төслийг нь гаргасан, энэ жилийн бүтээн байгуулалтыг улс төрийн зорилгоор үгүйсгэхгүй байхыг хүсэж, цэцэрлэгт хүрээлэнг барихдаа л барина гэдгээ ч илэрхийлсэн. Ингэхдээ хувийн хэвшлийн эзэмшлээс гаргаж, нийтийн өмч болгосон газарт шунаж буй хүмүүсийн хүсэл биелэхгүй гэдгийг ч хэлсэн юм. Ямартай ч маргаан дагуулсан Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЭЛЛЭЭ

Байгалийн түүхийн музейн газарт баригдах Чингис хаан музейн шав тавих ёслол энэ долоо хоногт боллоо. Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулсан ч үүнийг үл тоон газартай тэгшилсэн Байгалийн түүхийн музейн газарт 2500 м.кв талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй гэгээрлийн цогцолборыг барих ажил ийнхүү эхэллээ.

"Чингис хаан" музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм байна.

Шав тавих ёслолыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн бөгөөд энэхүү музейг Монголын ард түмний шүтээн музей болно гэж бодож байгаагаа илэрхийлсэн.

ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ДАХИН 500 ГАРУЙ ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долоо хоногт дахин хоёр тусгай нислэгийг Сөүл, Токио чиглэлд үйлдлээ. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 259 иргэн эх орондоо ирсэн бол 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн юм.

Сөүл чиглэлийн нислэгээр ирэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан 37 иргэнээс шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Харин Токио чиглэлийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээний хариуг өнөөдөр 11:00 цагт танилцуулна. Мөн хойшлуулаад байсан Сөүл чиглэлийн тусгай нислэгийг ирэх лхагва гарагт хийхээр төлөвлөснийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн.

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж нар ирсэн юм. Д.Дагвадорж аварга ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа бөгөөд дамжин нислэгээр ирсэн 57 иргэнтэй хамт тусгаарлагдмааргүй байгаагаа илэрхийлээд тусгай нислэгээр гаднын иргэн ирсэн, дарга нарын хүүхдүүд тусгай машинаар тосуулсан зэрэг мэдээллийг өгөөд байгаа юм. Харин тэрбээр өөрөө хүндэтгэх шалтгааны алинд нь хамрагдаж ирсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим хэвлэлд түүнийг тусгаарлагдах байраа голж маргаан үүсгэсэн талаар ч мэдээлээд байна.

ОНЛАЙН ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР...

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар "Хурд" хамтлагийн олон түмэндээ барьсан онлайн тоглолтын буухиа энэ долоо хоногт хоёр ч "дүү" дагуулав.

Шинэ коронавирусийн халдвар, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд олон нийтийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед хошин урлагийн хамтлагууд нэгдэж "Инээдээр дархлаагаа дэмжье" дөрвөн цагийн тоглолтыг зохион байгуулж түүнийгээ C1 телевиз болон тус телевизийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан юм. Инээдмийн баярын өдрийг угтаж, иргэдийнхээ дархлааг дэмжих зорилготой уг тоглолтыг шүүмжлэх иргэд байсан ч тэдний хүч хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй болов уу. 

Үүний араас энэ долоо хоногийн баасан гарагийн үдэш "Никитон" хамтлаг "Монголдоо хайртай” тоглолтоо Боловсрол суваг телевиз, "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудсаар шууд үзэгчдэд хүргэсэн. Тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож, ая дуугаа өргөсөн юм. Ямартай ч урлагийн салбарынхан хөл хорио, хязгаарлалттай энэ үед иргэддээ зориулан бага ч болов бэлэг барьж буй тул тэднийг сайшаах нь зүйтэй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алдарт дуучин Pink хоёр долоо хоногийн өмнө коронавирусээр өвчилсөн ч одоо бүрэн эдгэрсэн 2020-04-05

Чөлөөт бөх: Олимпын эрхийн тэмцээнүүд 2021 онд явагдана 2020-04-05

Салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлээрэй 2020-04-05

"COVID-19"-ийг далд үед нь илрүүлэх оношлуур хандивлав 2020-04-05

Францын армийн 600 цэрэг вирусээр халдварлажээ 2020-04-05

7 ХОНОГИЙН ТОЙМ: Халдвартай 2 иргэн эдгэрч, Төв талбайн бүтээн байгуулалт шүүмжлэл дагууллаа 2020-04-05

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ? 2020-04-05

Дэлхийн банк, ОУВС-ийн Зүүн өмнөд азийн бүс нутгийн гишүүн орнуудын цахим уулзалт болов 2020-04-05

"Хаббл" огторгуйн дурангийн тусламжтайгаар Нарныхаас 50 мянга дахин их масстай ховор хар нүх илрүүллээ 2020-04-05

НҮБ-ын зүгээс энэ долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ коронавирусийг дэлхийн II дайны дараа орох хамгийн хүнд хямрал болохыг тодотгожээ. 2020-04-05

Японоос ирсэн хоёр сэжигтэй тохиолдлоос КОРОНАВИРУС илрээгүй 2020-04-05