“CerviCARE AI” төхөөрөмж умайн хүзүүний хорт хавдрын эрсдлийг бууруулна
Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэдэг. Энэхүү аяны хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Эй Ай Меди Монголиа” ХХК-тай хамтран орчин үеийн шинэ технологи болох хиймэл оюун ухааны оношилгоотой /2024.01.05/ танилцлаа.
“Эй Ай Меди Монголиа” ХХК нь БНСУ-ын NTL Health Care компанийн хөгжүүлсэн орчин үеийн хиймэл оюун ухааны оношилгооны “CerviCARE AI” төхөөрөмжөөр умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн илрүүлэг үзлэгийг хийж байгаа аж.
Уулзалтын үеэр “Эй Ай Меди Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Тодням хэлэхдээ. “Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн эрт илрүүлэгт хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг нэвтрүүлсэн.
Манай улс ДЭМБ-т 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх амлалтыг өгсөн. 2021 оны статистик үзүүлэлтээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 19 хувьтай байгаа. Одоогоор өвчлөл буурсан үзүүлэлт харагдахгүй байна.
Ихэнх тохиолдолд хожуу шатандаа орсон хойноо оношлогддог учраас зарим хүмүүсийн хувьд эмчилгээ авах нь нэгэнт оройтсон байдаг. Жилд умайн хүзүүний хорт хавдрын 300 гаруй тохиолдол илэрдэг бөгөөд үүний тал хувь нь амь насаа алддаг юм билээ.
Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эрт илрүүлэг оношилгоонд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Манай эмнэлгийн хувьд хиймэл оюун ухааны оношилгооны системийг оруулж ирээд таван сар болж байна. Хүмүүсийн цагийг хэмнэх хамгийн оновчтой оношилгооны арга бол AI технологи юм.
“CerviCARE AI” төхөөрөмж нь 5 секундэд умайн хүзүүны хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношлох боломжтой бөгөөд шинжилгээний хариуг ердөө 1 минутын дотор гаргаж өгдөгөөрөө давуу талтай. Манайх шиг хүн амын нягтаршил бага, өргөн уудам нутагтай улс орны хувьд энэ төхөөрөмжийг ашиглан хөдөө орон нутагт байгаа эмэгтэйчүүдэд төвөг чирэгдэлгүй үзлэг оношлогоо хийх боломжийг илүү нэмэгдүүлнэ.
Одоогоор Өмнөговь, Өвөрхангай, булган, Орхон аймгууд энэ төхөрөрөмжийг эрт илрүүлгийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байгаа. Тус эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нь нарийн мэргэжлийн эмч хийгээд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж шаардахгүйгээр туйлын богино хугацаанд бага зардлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг улсын хэмжээнд хийх боломж бололцоог бүрдүүлнэ” гэв.
“Сорхун” Эх нярайн сувилалын эмэгтэйчүүдийн эмч Б.Атарцэцэг “Эмэгтэйчүүд 30 наснаас дээш гурван жилд нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт орох үүрэгтэй. Гэвч манай эмэгтэйчүүдийн зарим нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний хөхөнцөр вирус буюу олон улсын нэршлээр папилома вирусээр үүсгэгддэг өвчин гэдгийг бүсгүйчүүд маань мэдэж байх хэрэгтэй.
Дэлхий дахинд жил бүр 300 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна. Энэхүү хавдар нь дэлхий нийтэд эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хавдрын дөрөвдүгээрт ордог. Манай улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 шинэ тохиолдол бүртгэгдсэний 3281 нь эмэгтэйчүүд. Зуун мянган эмэгтэй тутамд умайн хүзүүний хорт хавдрын 18,8 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт 9,6 хувьтай байна. Одоогоор умайн хүзүүний хорт хавдрын хяналтад 4742 хүн байна. Энэ нь нийт хавдрын 18 хувийг эзэлж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Дашрамд дуулгахад, манай улс энэ жилээс эхлэн умайн хүзүүний хорт хавдрын “Гардасил9” вакциныг заавал хийх товлолт вакцины бүртгэлд оруулаад байгаа юм. Энэхүү вакциныг 09-13 насны охидод хийх бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тодорхой хувиар буурна гэж үзэж байна.
Дэлхийн хэмжээнд 2007 оноос эхлэн хүний папилома вирусийн эсрэг вакцин зөвшөөрөгдөж, 9-14 насанд хийх нь илүү тохиромжтой хэмээн үзсэн байна. Одоогоор дэлхийн 119 орон буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 орчим хувь нь вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулж охиддоо хийж байна. Харин өндөр хөгжилтэй 30 гаруй орон тус вакцинд зөвхөн охид биш, хөвгүүдээ бас хамруулж байгаа аж. Учир нь энэ вакцин зөвхөн умайн хүзүүний хавдраас сэргийлэх бус хүний папилома вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, gender neutral буюу хүйс харгалзахгүй, эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст хийж байгаа аж.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд “Эй Ай Меди Монголиа” компанийн хамт олон ирэх бямба гаригт ЭХЭМҮТ-ийн хажууд байрлах “Персон” эмнэлэг дээр эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах юм байна.
Энэхүү үзлэгт хамрагдахыг хүсвэл www.aimedimongolia.com хаягаар бүртгүүлэх буюу 70004108, 95094108 утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Хүний тоо хязгаартай тул доорх линкээр шууд бүртгэл хийлгэх боломжтой юм. https://docs.google.com/…/1zF3sQ0VMbVuDs0zN854LUqN…/edit
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.