БНСУ-ын эмч нар ажил хаялт зарлажээ
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болон Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэгийн эмч нарын хоорондох маргаан дээд цэгтээ хүрч, эмч нар олноор ажлаас халагдах өргөдлөө өгч, ажил хаялт зарлажээ. Тус яам энэ сарын 6-ний өдөр анагаахын сургуулиудын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдээлсэн. Энэхүү шийдвэрийг Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэг эсэргүүцэн ийнхүү ажил хаялт зарласан байна.
Холбогдох яамнаас энэ сарын 20-ний өдөр мэдээлснээр тус улсын 100 гаруй эмнэлгийн 6415 эмч буюу ойролцоогоор 55 хувь нь халагдах өргөдлөө өгчээ. Эдгээрээс 25 хувь нь буюу 1630 хүн ажлын байраа орхин явсан ч эмнэлгийн удирдлагууд одоогоор эдгээр халагдах өргөдлийг хүлээж аваагүй байгаа тухайгаа мэдээлжээ.
Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам шаардлагатай арга хэмжээ авч 727 хүнийг шинээр ажилд авчээ. Гэсэн ч гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал өндөр байгааг эрх баригчид онцолж, энэ байдлаараа 2-3 долоо хоног л тэсэх боломжтой гэжээ.
Тус яамнаас ирэх сарын 4-ний дотор талуудын саналыг харгалзан үзэж, шийдвэр гаргахаа мэдэгдсэн бөгөөд уг хугацаанд Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн эмч нарт холбогдох шийтгэлийг ноогдуулах тухайгаа мэдээлжээ. Энэхүү хуульд Иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн хууль бус үйлдэлд захиргааны арга хэмжээ авах, сануулах арга хэмжээ авах тухай заасан байдаг бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагаанд оролцсон бол 1 жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасаж, 3 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 30 сая воны торгууль ногдуулна хэмээн заасан байдаг ажээ.
Эмч нар ажил хаялт зарласны улмаас яаралтай мэс засал болон төлөвлөгөөт мэс засалд орох ёстой иргэд, яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлж буй иргэд хүнд байдалд оржээ. Энэ тухай өвчтөнүүд "Би хорт хавдартай, гэхдээ тэд намайг хүлээж бай гэж хэлсэн", "Миний кесар хагалгаа хойшлогдсон", "Би яаралтай түргэн тусламжийн тасагт ирээд үйлчилгээ авахын тулд 20 цаг хүлээсэн", "Төрөх үед өвчин намдаах тариа хийлгэх хүсэлт тавихад тийм боломж байхгүй гэдэг хариу өгсөн" гэх зэргээр гомдол гаргаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.