Юүн Сог Ёл: Эмч хүн өргөсөн тангаргаа зөрчиж ажил хаях ёсгүй гэв

Юүн Сог Ёл: Эмч хүн өргөсөн тангаргаа зөрчиж ажил хаях ёсгүй гэв

БНСУ-ын эмч нар ажиллах орчин нөхцөл тааруу, ажлын цаг их, цалин хөлс бага гэдэг үндэслэлээр сүүлийн нэг долоо хоногийн турш жагсаж байгаа юм. Улсын эмнэлгийн ажиллах хүчний 40 гаруй хувийг бүрдүүлдэг дадлагажигч, резидент эмч нарын дийлэнх нь жагсаалд оролцож байгаагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай өвчтөн, ард иргэдийн хувьд хүндхэн өдрүүд өнгөрч байна. Тэгвэл улсын эмнэлгийн ажиллах хүчийг нөхөх зорилгоор цэргийн эмч нарыг илгээнэ гэж Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгдлээ.

Эмч нарын ажил хаялттай холбоотой засгийн газар хуралдаж, өнөөдөр буюу Пүрэв гараг гэхэд эмч нарыг ажил үүргээ ухамсарлаж, эргээд ажиллаж эхлэхийг хүссэн мэдэгдэл энэ долоо хоногийн эхээр гаргасан юм. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дог Сү “залуу эмч нар яагаад ажил хаяж байгааг засгийн газар сайтар ойлгож байгаа. Тэдний ажиллах нөхцөл, ирээдүйн боломж бололцоог бодолцож шийдвэр гаргахаар ажиллана, аль болох олон боломжийг эрэлхийлнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Жагсагчдын хувьд, тус улсын нийт резидент эмч нарын 70 орчим хувь нь буюу 9000 орчим эмч ажил хаясан байгаа. Тэд анагаахын их сургуульд элсэх оюутны квотыг нэмэгдүүлнэ гэсэн засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж жагсаж эхэлсэн. Өмнөд Солонгост эмнэлгийн салбарт ажиллах хүч дутагдаж байгаа нь ажиллах хүн, мэргэшсэн хүн дутуугийнх гэж засгийн газар эндүүрч байна гэж жагсагчид үзэж байгаа юм. Энэ улсад анагаахын салбар ажиллах хүчний дутагдалд ороод байгаа үндсэн шалтгаан нь цалин мөнгө, ажиллах нөхцөлийн улмаас эмч нар ажлаас гарч байгаа явдал гэдгийг тайлбарлаж байна. Тиймээс анагаахын салбарыг тогтвортой байлгахын тулд эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, долоо хоногт ажиллах цагийг багасгах ёстой гэж тэд үзэж байна.

Өмнөд Солонгост дадлагажигч резидент эмч нар долоо хоногийн таван өдөрт 80-100 цаг ажилладаг гэсэн судалгаа байна. Анагаахын чиглэлээр сурах оюутнуудын квотыг нэмэгдүүлэх засгийн газрын шийдвэрийг дан ганц резидент эмч нар ч биш, ахлах их эмч нар, хувийн эмнэлгийн эмч нар ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Хан Дог Сү жагсагчдыг эргээд ажилдаа орохыг хүсэж, тавьсан шаардлагыг нь сонсоно гэж байгаа ч засгийн газраас ажилдаа эргэж ороогүй эмч нарын эмчийн эрхийг хураана гэж анхааруулаад байгаа юм. Энэ маягаараа эмч нар ажилдаа буцаж орохгүй, жагсаал цаашид үргэлжлэх магадлалтай тул 3-р сарын 1-ээс эхэлж орон нутгийн клиникүүдэд ажиллаж байгаа цэргийн эмч нарыг улсын эмнэлгүүдэд томилон ажиллуулна гэж ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Эмч нар ажил хаясны улмаас эмнэлгийн тусламж эрсэн хүмүүс хувийн эмнэлэгт хандах, хувийн эмнэлэгт хандах боломжгүй нь хагалгаа, эмчилгээгээ хойшлуулах, цуцлахаас өөр аргагүйд хүрч байна гэдгийг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Цэргийн эмч нарыг улсын эмнэлэгт ажиллуулах засгийн газрын шийдвэрийг ерөнхийлөгч Юүн Сог Ёл хэлэлцээд байх зүйл биш гэж үзэж байгаагаа илэрхийлж, эмч хүн өргөсөн тангаргаа зөрчиж ажил хаях ёсгүй гэсэн байр суурьтай байгаагаа мөн илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан байна. 2024-02-09

Умард Солонгос он гарсаар тав дахь удаагаа далавчит пуужин харвасан 2024-02-14

БНСУ-ын эмч нар ажил хаялт зарлажээ 2024-02-20

БНСУ-ын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хүндрэл доголдол үүсчээ 2024-02-22

БНСУ даяар Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд үнэгүй сургалт зохион байгуулагдана. 2024-02-27

Юүн Сог Ёл: Эмч хүн өргөсөн тангаргаа зөрчиж ажил хаях ёсгүй гэв 2024-02-29

БНСУ-ын Ерөнхийлөгчтэй Марк Цукерберг Сөүл хотноо өнөөдөр уулзжээ 2024-02-29

БНСУ-д цагаач монгол иргэнийг хууль зөрчин хоёр удаа торгосон байжээ 2024-03-01

БНСУ-ын хүн ам энэ зууны сүүлээр хоёр дахин буурахаар байна.  2024-03-01

БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа болж байна 2024-03-03

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан томоохон сургуулилалт өнөөдөр эхэллээ.  2024-03-04