Гадаад валютын нөөц өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн.
Гадаад валютын улсын нөөц энэ оны 3 дугаар сарын 15-ны байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч өслөө.
Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлт голлон нөлөөлжээ. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.
Засгийн газраас энэ онд төлөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан аж. Валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдгийг төв банк мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.