Тайванийн Хуалянь хотоос холгүй 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тайванийн зүүн хэсэгт орших Хуалянь хотоос холгүй бүртгэгдсэн 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн барилга ихээхэн сүйдсэн тухай “TVBS” телевиз мэдээлжээ.
Хотын найман давхар орон сууцны барилга хэсэгчлэн нурж, хазайсан байна. Тус арлын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, найман хүн уг барилга дотор гацаад байгаа ажээ. Жуншань, Чунцин гудамжны уулзвар дээр орших уг барилгын нэгдүгээр давхар нурж, байшин ихээхэн хазайсан боловч нураагүй байна. Аврагчид галын шат ашиглан оршин суугчдыг цонхоор гаргаж байна.
Газар хөдлөлт Бээжингийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт Хуалянь хотоос зүүн өмнө зүгт 25 км-ийн зайтай Номхон далайд, 15.5 км-ийн гүнд байсан гэж газар хөдлөлт судлаачид мэдээлсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 20 гаруй удаагийн чичирхийлэл бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.