Умард Солонгос улс гадаадын жуулчдад хилээ нээнэ

Умард Солонгос улс гадаадын жуулчдад хилээ нээнэ

Умард Солонгос улс ирэх 12 дугаар сараас зүүн хойд нутгийн Самжиён хот, цаашлаад бусад нутгаар олон улсын аялал жуулчлалыг сэргээнэ гэж аялал жуулчлалын компаниуд лхагва гарагт мэдэгджээ. 

Ковид-19 халдварын улмаас хилийн хатуу хязгаарлалтуудыг олон жилийн турш тогтоогоод буй тус улс гадаадын бүлэг жуулчдад хилээ нээхэд бэлтгэж байгаа бололтой.

Самжиён болон бусад хотын аяллыг 2024 оны 12 дугаар сард албан ёсоор сэргээнэ гэсэн мэдээллийг Умард Солонгос дахь түншээсээ хүлээн авлаа гэж Бээжин хотод төвтэй “Koryo Tours” компани цахим хуудсандаа мэдээлжээ.

Өнгөрсөн жилээс Умард Солонгост ирэх, явах олон улсын нислэгийг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын цөөн тооны жуулчин энэ оны хоёрдугаар сард тус улсаар аялсан байна. Зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй өндөр албан тушаалтнууд тус улсад айлчилсан юм. Гэхдээ Умард Солонгос 2020 оноос хойш гадаадын жуулчдад хилээ бүрэн нээгээгүй байгаа юм.

“Умард Солонгосоор аялах боломж дахин бүрдэх гэж байгааг та бүхэнд дуулгахдаа маш их баяртай байна. Бид энэхүү мэдэгдлийг хийх гэж дөрвөн жил гаруйн турш хүлээсэн. Аяллын хөтөлбөр, товыг ойрын долоо хоногт танилцуулна” гэж “Koryo Tours” мэдэгджээ.

Умард солонгосчууд Хятадын хилийн ойролцоо орших Самжиён хотод “социалист утопи” гэж нэрлээд буй шинэ орон сууц, зочид буудал, цанын бааз, худалдаа, соёл, эмнэлгийн байгууламж бүхий “өндөр соёлжсон үлгэр жишээ уулын хотыг” байгуулж байгаа ажээ.

Удирдагч Ким Жөн Ун долоодугаар сард Самжиён төсөлд “хариуцлагагүй” хандсан зарим өндөр албан тушаалтныг ажлаас нь халж, албан тушаал бууруулсан байна.

Мөн KTG Tours нэртэй өөр нэгэн аялал жуулчлалын агентлаг энэ өвлөөс эхлэн жуулчид Самжиёноор аялах боломжтой болно гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.