Умард Солонгосын өмнөд хил дээр 250 пуужин харвагч байрлуулжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өмнөд хилийн дагуух цэргийн ангиудад 250 пуужин харвагч байрлуулах ажиллагааг хянан удирдсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээллээ.
Ким Жөн Ун ням гарагт болсон арга хэмжээний үеэр пуужин харвагчийг “тактикийн довтолгооны шинэ зэвсэг” хэмээн тодорхойлоод, үүнийг “өөрийн биеэр зохион бүтээсэн” гэж хэлсэн байна.
“Зэвсгийг шилжүүлэн байрлуулах ёслол”-ын үеэр цэргийн ногоон өнгөтэй харвагчуудыг урт гудамжинд эгнүүлэн зогсоосон байсан бөгөөд олон мянган хүн цуглаж, ёслолын буудлага үйлдсэнийг төрийн мэдлийн хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зургууд харууллаа.
“Бид [пуужин харвагчуудыг] Өмнөд Солонгос руу довтлох, заналхийлэх зэрэг янз бүрийн аргаар ашиглах зорилготой гэж үзэж байна... Хилийн ойролцоо байрлуулна гэдэг нь ойрын тусгалтай гэсэн үг” гэж Өмнөд Солонгосын Штабуудын даргын нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ли Сон Жун хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Хурцадмал байдал даамжирсаар байна
Солонгосын хойгт хурцадмал байдал даамжирсаар байгаа бөгөөд Умардынхан зэвсгийн туршилтын давтамжаа нэмэгдүүлж, хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгосын хил давуулан илгээсээр байгаа юм.
Харин Өмнөд Солонгосын тал цэрэггүй бүсэд суртал ухуулга, поп хөгжмийг нэвтрүүлэх ажиллагаа болон хилийн ойролцоо явуулдаг сургуулилалтаа дахин сэргээжээ.
Энэ онд Умард Солонгосын зүгээс Өмнөдийг “гол дайсан” хэмээн зарлаж, тус улстай өрнүүлж байсан хамтын ажиллагаа, тусламжийн хөтөлбөрүүдээ зогсоосон байна
“АНУ тэргүүтэй орнууд цөмийн зэвсэгт тулгуурласан цэргийн эвсэл болж хувирсны хариуд Умард Солонгос тогтоон барих хүчин чадлаа сайжруулах ёстой” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг KCNA уламжилжээ.
Хил рүү зөөвөрлөсөн пуужин харвагчууд нь тактикийн баллистик пуужинг хөөргөж чадах ажээ. Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван гарч чадах ойрын зайн тусгалтай зөөврийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсээр байна. Мөн АНУ-ын эх газарт тусаж чадах тив алгасагч баллистик пуужинг олон жилийн турш зохион бүтээж, боловсронгуй болгосоор байгаа юм. АНУ тэргүүтэй орнуудын зүгээс тавьсан хориг арга хэмжээнүүдийг үл хайхран Пёньян баллистик пуужин байнга туршдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.