БНСУ тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө
Умард Солонгосыг хянан ажиглах чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд Өмнөд Солонгос улс цэргийн тагнуулын гурав дахь хиймэл дагуулыг ирэх 12 дугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус улсын Зэвсэг худалдан авах асуудал эрхэлсэн агентлаг өнөөдөр мэдэгджээ.
Хиймэл дагуулыг тээсэн “SpaceX” компанийн пуужинг 12 дугаар сарын гурав юм уу дөрөв дэх долоо хоногт хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус агентлаг мэдэгдээд, хөөргөлттэй холбоотой нарийн ширийн асуудлаар АНУ-ын компанитай хамтран ажиллаж байгаагаа дурджээ.
Сансарт суурилсан платформын тусламжтайгаар Умард Солонгосыг илүү сайн хянах зорилгоор 2025 он гэхэд таван тагнуулын хиймэл дагуултай болох Сөүлийн төлөвлөгөөний хүрээнд уг хиймэл дагуулыг хөөргөх ажээ. Өмнөд Солонгосын тал АНУ-аас авсан хиймэл дагуулын зургийг ашиглаж ирсэн юм.
Өмнөд Солонгосын тагнуулын анхны хоёр хиймэл дагуулыг өнгөрсөн оны 12 дугаар сард болон энэ оны дөрөвдүгээр сард “SpaceX”-ийн пуужингаар хөөргөжээ. Эхний хиймэл дагуул нь дэлхийн гадаргуугийн нарийвчилсан зургийг авах мэдрэгчүүдээр тоноглогдсон бол хоёр дахь хиймэл дагуул нь цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран мэдээлэл цуглуулах чадалтай радар мэдрэгчтэй байна. Тагнуулын таван хиймэл дагуулыг бүгдийг нь хөөргөж, бүрэн үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа тус улс Умард Солонгосын тодорхой байг хоёр цаг тутамд хянах боломжтой болох ажээ.
Мөн Өмнөд Солонгос улс дотооддоо үйлдвэрлэсэн хатуу түлшээр ажилладаг сансрын пуужин дээр 500 кг болон 100 кг-аас бага жинтэй тагнуулын жижиг хиймэл дагуулуудыг хөөргөх замаар ажиглалтын чадавхаа цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тэдгээр хиймэл дагуулыг 2026-2028, 2028-2030 онуудад тус тус хөөргөхөөр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.