Италид халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 100 болжээ
Италид коронавирусний халдвар өнгөрсөн хоёрдугаар сард анх бүртгэгдсэнээс хойш уг халдварын улмаас 100 эмч нас барлаа гэж тус улсын Эмч нарын холбооноос пүрэв гарагт мэдээлжээ.
“COVID-19” халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 100 боллоо. Яг энэ цаг үед 101-д хүрч байж ч болзошгүй гэж “FNOMCeO” холбооны хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдээлжээ. Засгийн газраас эргэн ажилдаа орохыг тэтгэвэрт гарсан эмч нарт өнгөрсөн сараас уриалж эхэлсэн бөгөөд дээрх тоон үзүүлэлтэд ийм эмч нар мөн багтсан байна.
“Бид эмч нар, эмнэлгийн ажилтнуудаа ямар нэгэн хамгаалалтгүйгээр вирусний эсрэг тэмцэлд оролцуулахгүй” гэж “FNOMCeO” холбооны тэргүүн Филиппо Анелли мэдэгджээ. Тэрбээр үүнийг шударга бус тэмцэл хэмээн тэмдэглэжээ.
Италийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “COVID-19” халдварын улмаас 30 сувилагч, асрагч мөн нас баржээ. “Италид халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувийг эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагад ажиллагсад эзэлж байна” гэж Ромын “ISS” олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэн мэдээлсэн байна.
Халдвар хамгийн их тархсан орнуудын нэгд тооцогдож буй Италид өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос бараг бүх бизнесийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Европын орнуудаас хамгийн анх ийм шийдвэр гаргасан улс болсон юм. Италид сүүлийн мэдээллээр халдварын улмаас нас барсан хүний тоо 18 мянга давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.